УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт 07:00 цагт албан ёсоор эхэлсэн. Улсын хэмжээнд 29 тойрогт санал авах 2070 байр ажиллаж байна.
Засгийн газар, УОК-оос “COVID-19”-ийн үед сонгууль зохион байгуулах журмыг баталсан. Журмын хүрээнд санал авах байранд иргэдийг орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг ариутган нэг удаагийн бээлий олгож буй юм. Саналын хуудас бөглөх ширээ, ажиглагч нарын суудал болон хэсгийн хорооны ажилтнуудын хоорондын зайг 1.5 метр байхаар зохицуулжээ.
Халдвараас сэргийлэх үүднээс иргэдийн хэрэглэсэн бээлийг цуглуулж, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаях тул саналаа өгөөд гарч буй иргэн бээлийгээ үүдний дэргэд байрлах хогийн саванд хийх аж. Мөн дээрх журмын хүрээнд санал өгөх байранд хүүхэд дагуулж ирэхийг хориглож байгааг хэсгийн хороонынхон анхааруулаад, иргэдийг УИХ-ын ээлжит сонгуульд саналаа өгөхийг уриалж байв.