Ялалтын баярын парад энэ сарын 24-нд буюу сонгуулийн санал хураах өдөр болох гэж байгаа билээ. Хоёр үйл ажиллагаа давхцаж байгаа учир МҮОНРТ тус баярын парадыг шууд дамжуулахаас татгалзсан байна.
Тэгвэл энэхүү шийдвэрт сэтгэл дундуур байгааг ОХУ-ын Элчин сайдын Яам албан ёсны мэдэгдлээ.
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэвэл:
«В огороде бузина, а в Киеве дядька» буюу МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөлийн шийдвэрт гайхшран тэмдэглэх нь Орос хэлийг сайн ойлгодог хүн бүхэнд ойлгомжтой энэхүү хэллэг нь өчигдөр дараалан цацагдсан хоёр мэдээний дараа Орос, Монгол бидний хэдэн найз нарын ихэнхийн толгойд нэгэн зэрэг орж ирсэн билээ. Эхнийх нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга их хурлын сонгуулийн улмаас Москва дахь Ялалтын цэргийн парадад өөрийн биеэр оролцохоос татгалзсан ч монгол цэргийн албан хаагчид Улаан талбайгаар ёслолын маршаар алхална гэдгийг нотлохоор Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярьсан тухай мэдээ байв. Энэ нь тун ойлгомжтой шийдвэр юм. Сонгууль мэт аливаа улс орны хувьд амин чухал цаг мөчид төрийн тэргүүн нь нийслэл хотдоо үлдэхгүй бол болохгүй. Нөгөө талаас Москва дахь Ялалтын парадад монгол цэргүүд оролцож буй нь найрсаг хөрш хоёр орны хувь заяаг тодорхойлох Ялалтын түүхэн ач холбогдлыг, мөн хамтын Ялалтад монголчуудын оруулсан асар их хувь нэмрийг Оросын болон Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч байгааг билэгшээх явдал билээ. Харин удаахь мэдээ нь бидний хэдэн найз нарт яг эсрэг сэтгэгдэлийг төрүүлэв. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ийн Захирлуудын зөвлөл нь 6 дугаар сарын 24-ний өдөр Москва хотын Улаан талбайгаар алхан өнгөрөх Ялалтын парадыг үнэ төлбөргүйгээр шууд дамжуулах эрхийг авахаар хөөцөлдөж байгаад, тэгээд, мэдээжийн хэрэг, тэр эрхээ авч чадсныхаа дараа Ялалтын парадыг шууд дамжуулах төлөвлөгөөнөөсөө татгалзав. Яагаад ч юм тэд ийнхүү шууд дамжуулалт нь Монголын сонгогчдын саналд нөлөөлж болзошгүй хэмээн үзжээ. Ийм сонин шалтгаар шууд дамжуулалтаас татгалзсан нь биднийг мөрөө хавчихад л хүргэсэн. Монголын олон нийтийн дунд Орос Улс ийм их нөлөөтэй байдаг хэмээн үзэж буйгаа тус телевизийн Захирлуудын зөвлөл шууд бусаар илэрхийлж байгаа нь бидний хувьд туйлын таатай байгаа ч тус шийдвэрийн шалтгааныг өнгөц шинжье гэсэн ч оновчтой мэт санагдахгүй байна. Та төсөөлөөд үз дээ! Үдээс хойш 15-16 цагийн хооронд дамжуулах Ялалтын парадыг үзчихээд, монгол цэргүүд Улаан талбайгаар хэрхэн алхаж байгааг шагшан магтчихаад, хэний төлөө саналаа өгөхөө тодорхой шийдээгүй, эсвэл эргэлзсээр байгаа иргэд саналаа өгөхөөр гэрээсээ гарлаа. Тэгээд тэд хэний төлөө саналаа өгнө гэж? Ийнхүү эргэцүүлэхээр Зөвлөл нь лав сонгууль бодож ийнхүү шийдвэр гаргаагүй нь шууд ойлгомжтой болж байна. Манай хамтын Ялалтад хувь нэмрээ оруулсан Монголын ард түмэн тэр үед МАН-ынхан, АН-ынхан, МАХН-ынхан хэмээн хуваагддаггүй байсан юм шүү. Тухайн үед Монголын ард түмнийг Монголын одоогийн бүх улс төрийн хүчин, нэн түрүүнд МАН-ын удам үндэс нам болох Монгол Ардын Хувьсгалт Нам удирдаж явсан. Бидний мэдэж байгаагаар орчин үеийн аливаа улс төрийн нам нь хамтын Ялалтыг «хувьчлах» гэсэн оролдлого хийж байгаагүй, өдгөө ч тийм хичээл зүтгэл гаргаагүй байна. 2014 онд Монгол Улсын Ардчилсан намаас «төрсөн» Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нацист Германыг болон түүний дагуулуудыг бут цохиход Зөвлөлтийн цэргийн холбоотнуудын нийт тусламжид БНМАУ-ын оруулсан хувь нэмрийг илтгэх архивын дэлгэрэнгүй мэдээллийг ил болгосон нь үүнийг нотлоно. Ноён Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байх хугацаанд Монголын ард түмэн Берлин хүрсэн монгол морьдод зориулсан «Ялалтад тэмүүлсэн морьд» хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээр байрлуулахаар Оросын ард түмэнд бэлэглэсэн. Мөн тэр үед монгол цэргүүд анх удаа Ялалтын 70 жилийн ойн цэргийн парадад оролцсон. Ц.Элбэгдорж ч, сонгуулийн биш 2019 онд Халх гол дээр байгуулсан манай хамтын Ялалтыг мөнхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан Х.Баттулга Ерөнхийлөгч ч Ялалтад оруулсан монгол түмний хувь нэмрийг өөрийн намын ач тус болгон хувьчлахыг хэзээ ч оролдож байгаагүй. Улс төрийн өөр хүчнээс гаралтай тэдний өмнөх Ерөнхийлөгчид ч гэсэн ийнхүү оролдлогыг хийж байгаагүй юм шүү. Төрийн түшмэлийн өргөн сэтгэлгээтэй Монгол Улсын бүх Ерөнхийлөгчдийн санаанд иймэрхүү сонин санаа бодол төрөө ч үгүй гэж бодож байна. Парадыг шууд дамжуулснаар сонгогчдын саналд ноцтой нөлөөлж, МАН-д, АН-д, эсвэл МАХН-д давуу тал олгоно гэдэгт итгэхэд бэрх байна. Эсвэл хэргийн учир шалтгаан нь огт өөр зүйлд оршиж байна уу?! Дэлхий даяар Орос Улсыг өөрсдийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн, оролцсон хэмээн буруутгах кампанит ажиллагааг өрнүүлж байгаа ба түүндээ МҮОНРТ-ийн Зөвлөлийг хүчээн татан оруулав уу, эсвэл Зөвлөл нь уг ажиллагаанд санаандгүй нэгдэв үү? Улаанбаатар дахь барууны орнуудын дипломат төлөөлөгчийн газруудаас томилогдсон сонгуулийн ажиглагчид нь төв рүүгээ болон ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газарт: «Сонголтоо эцэслэн тодорхойлоогүй сонгогчдын хэсэгт Оросын талаас хор хөнөөлтэйгээр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улс орны томоохон телевизийн компанийн Зөвлөл нь парламентын сонгуулийн үеэр Москва хотноо болсон цэргийн парадыг шууд дамжуулахаас татгалзсан» хэмээн мэдээлэх таатай завшааныг ашиглахгүй өнгөрч чадахгүй нь ойлгомжтой. Энэхүү тайлбар нь ганц сул талтай. Учир нь Ерөнхийлөгч В.В.Путин Ялалтын 75 жилийн ойд зориулсан парадыг 1945 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон анхны Ялалтын парадтай уялдуулан, үе дамжсан холбоосыг онцлохоор тус өдрийг сонгосон болохоос Монгол Улсад болох сонгуультай давхцуулъя гэж болоогүй л байх. Барууны манай түншүүд болон МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөл нь үүнийг сайн ойлгож, мэдэж байгаа учир Зөвлөлийн шийдвэрийг гадныхны хуйвалдаан, нууц явуулгааас үүдсэн хэмээн тайлбарлах оролдлого ч бүтэлгүйтэх юм байна. Эцсийн эцэст бид Улаанбаатар хотод тогтоод буй хэт халуун цаг агаарын улмаас, мөн маш эрчимтэй ажилласнаас тус телевизийн удирдлагуудын тод хараа нь түр балартаж гэсэн дүгнэлтэд хүрлээ. Үүнээс болоод л ийм сонин шийдвэр гаргасан байх. Агаарын температур буурч, олон жилийн дундаж үзүүлэлтэд эргэж очиход МҮОНРТ-ийн найз нар маань эрүүл саруул оюун ухааны замдаа эргэн орно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэе. Тэртэй тэрэнгүй орчин үеийн технологи өндөр хөгжсөн өнөө үед Ялалтын парадыг үзэх сонирхолтой хэн бүхэн Оросын Нэгдүгээр сувгийн шууд дамжуулалтыг https://www.1tv.ru/ сайтаас болон Элчин сайдын яамны нийгмийн сүлжээнүүд дэх хуудаснуудад байрлуулсан эх сурвалжуудаас олоод харчихаж чадна. Дамжуулалт 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатарын цагаар 15:00 цагт (Москвагийн цагаар 10:00 цагт) эхэлнэ.
Оросын Элчин сайдын яамны ажиглагчид
Дээрх мэдэгдэлтэй холбоотойгоор МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц өөрийн твиттер хуудсаараа харамсаж байгаагаа мэдэгдэв. "МҮОНРТ-ээс уучлалт гуйхыг шаардаж байна. Манай улсын олон нийтийн ТВ-ийн асуудалд бүдүүлгээр доромж үгүүд хэрэглэж хандсанд харамсаж байна" гэжээ.
#MNB #МҮОНРТ -ээс уучлалт гуйхыг шаардаж байна. Манай улсын олон нийтийн ТВ-ийн асуудалд бүдүүлгээр доромж үгүүд хэрэглэж хандсанд харамсаж байна. https://t.co/PjQWy0D5uR
— Л.НИНЖЖАМЦ (@NinjjamtsL) June 21, 2020