Одоогоос 79 жилийн өмнө буюу 1941 оны зургадугаар сарын 22-ны өдөр Нацист Германы арми ЗХУ-д халдан довтолсноор хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их цус асгаруулсан дайн эхэлсэн түүхтэй. Оросын ард түмний хувьд маш том хар толбо болж үлдсэн тус дайнд Зөвлөлтийн 27 сая хүн амь насаа алдсан. Тиймдээ ч оросууд энэ дайныг Аугаа их эх орны дайн гэж нэрлэсэн нь зүй ёсны хэрэг юм.
Энэ дурсамж гашуудлын өдөр Оросын иргэд дэлхийг авран амиа өгсөн аав ээж, өвөө эмээгээ дурсан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Дайны анхны тулалдаан эхэлсэн Брестын цайзад “Дурсамжийн зул” өргөх ажиллагаа Москвагийн цагаар өглөөний 04:00 цагт эхэлдэг.
Кремлийн хананы дэргэдэх "Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш"-ны Мөнхийн галд цэцэг өргөх ажиллагаа уламжлалын дагуу явагдана. Дайн эхэлсэн өдрийн гол арга хэмжээнийг нэг “Поклонной гор” дахь Аугаа их эх орны дайны төв музейд явагдах юм.
Оросын бүх хот сууринд дайнд үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн арга хэмжээнүүд явагдаж, 79 жилийн өмнө дайн эхэлсэн цаг минутад олон хотуудад дурсгалын зул асаах юм.
1996 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар фашистын түрэмгийлэгчдийн эсрэг дайн эхэлсэн энэхүү өдрийг Дурсамж эмгэнэлийн өдөр болгохоор тогтжээ.
Дайны хөлд 1710 хот, 70 мянга гаруй тосгон нэрвэгдэн сүйрч, ЗХУ 1941 оны ханшаар 679 тэрбум рубль буюу үндэсний баялгийн 30%-тай тэнцэхүйц материаллаг гарз хохирол амссан байна.