Цагдаагийн ерөнхий газар болон тагнуулийн ерөнхий газраас сонгуулийн сурталчилгааны талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү сонгуулийн сурталчилгааны зөрчлийн байдлыг танилцууллаа.
Тэрбээр “ Сонгуультай холбоотойгоор цахим гэмт хэргүүд их гарч байна. Нийт гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 676 дуудлага мэдээлэл ирсэн . Мөн улстөрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг ,зөрчилтэй холбоотой гомдол мэдээлэл энэ оны дөрвөн сараас эхлэн өнөөдрийг хүртэл нийт 390 бүртгэгдэж, харьяалаллын дагуу нэгжүүдэд шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Гомдол мэдээллийг ангилж үзвэл, нэр дэшигчдийн нэр хүндийг гутаан доромжилсон, худал мэдээлэл нийтэд тараасан, хууль бус үйлдлийн талаар 108 буюу нийт гомдол мэдээллийн 27,6 хувьтай байна.
Мөн сонгуулийн хуульд зааснаас өөр аргаар сонгуулийн сурталчилгаа явуулсан зөрчил 228 буюу 28.4 хувь байна.
Харилцаа холбоо болон цахим орчин ашиглан бусадтай харилцаа тогтоох зорилго бүхий аливаа санал асуулга, зохион байгуулалттай холбоотой зөрчил 5,1 хувьтай.
Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй зүйлсийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан тохиолдол 1,7 хувийн зөрчил гарсан.
Харин сонгуулийн сурталчилгаанд хуульд заасны дагуу бүртгүүлээгүй хуурамч цахим хуудас ашигласан зөрчил 5,8 хувийг эзэлж байна. Эдгээр зөрчлүүдийн ихэнх хувь нь сонгуулийн сурталчилгааны самбар, сурталчилгааны материал устгах, бохирдуулсан, хэвлэл мэдээлэл, цахим сүлжээнд бусдыг гүтгэн доромжилсон, хуульд зааснаас өөр аргаар сурталчилгааг явуулах зэрэг дуудлага мэдээлэл эзэлж байна.
Харин дээрх зөрчлүүдийн шийдвэрлэлтийн хувьд, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх эрх бүхий байгууллагад тогтоогдсон19 гомдол мэдээллийг ТЕГ, МХЕГ, Шударга өрсөлдөөнт хэрэглэгчийн газарт тус тус шилжүүлсэн.
Нийт 17 гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээж, үүнээс гурван хэргийг эрүүгийн анхан шатны шүүхийн шийдвэрт шилжүүлж, дөрвөн гомдол мэдээллийг хялбаржуулсан журмаар 4,3 сая төгрөгөөр торгох шийдвэр гарсан” хэмээлээ.
Харин сонгогчидод хууль бусаар эд зүйл, мөнгө тараах асуудлын хувьд эрүүгийн хуулийн 14.5-р зүйлд зааснаар “Иргэдийн сонгуулийн эрхээ эдлэх үйл ажиллагаанд саад учруулж, сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж саналыг нь худалдсан бол 5400 нэгжээс 27000 мянган нэгжээр торгох, эсвэл нэг жилээс таван жил хүртэл хорих ялаар шийтгэнэ” гэв.