УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Г.Амартүвшинг хоёр улсын иргэншилтэй эсэх талаарх шуугиан нийгэмд тархсан. Үүнтэй холбогдуулан "Хас"-ын Ч.Ганхуяг нэгэн цагт Хас банканд хамтран зүтгэж явсан нөхрөө Унгар улсаас нэлээд хүчтэй шүүмжлэх болсон. Тэрбээр фэйсбүүк хуудсаараа дамжуулан Г.Амартүвшингийн талаар ийнхүү бичсэн юм.
"Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Г.Амартүвшинг бид хоёр найзууд байсан. 2006 онд АНУ-д явж байхдаа Г.Амартүвшинтэй танилцаж, Монголд ажиллах санал тавьсан. Ингээд Г.Амартүвшин нь 2010 онд Монголд ирж, Хасбанкны орлогч захирлаар ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл банк хариуцаж ажиллаж байгаагүй. Бидний хооронд асуудал үүссэн ч өнөөдөр тэр асуудал ярианы гол сэдэв биш. Би Г.Амартүвшинийг Нидерландын иргэн гэж өнөөдрийг хүртэл бодож явсан.
Энэ асуудлыг Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын Бүртгэл, Тагнуулын Ерөнхий Газар, Гадаадын Иргэн, Харьяатын Газар нэг тийш нь болгож, Монгол улсын иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг нь хамгаалах үүрэгтэй. https://t.co/i1YaAw5SWG
— Ganhuyag Ch. Hutagt (@ganhuyag) June 8, 2020
Гадаад сурч буй Монгол иргэдийг хүний нутагт авчирсан хүн нь би өөрөө. Гэхдээ ийм хулгайч, худалч, урвагч гэдгийг нь мэдээгүй. Нэг өдөр МАН-ын гишүүн болоод Бага хуралд дэвшээд, нэг өдөр сонгуульд нэр дэвших мандатаа авчихлаа. Г.Амартүвшин Голландад буй байшин, эхнэр хүүхдээ ил болго. УИХ-ын гишүүн болоод сонгогчдынхоо итгэлийг олж авах гэж байгаа юм бол 1993 оноос хойш 2010 онд болсон бүх үйл явдлаа тайлбарла. Битгий мал шиг харьцаад бай. Балиар зангийг чинь өөрчлөх гэж шинэ хүмүүс, залуучуудыг гаргаж ирэх, тэдэнд итгэл найдвар өгөх гээд У.Хүрэлсүхийн ажлыг дэмжээд байна. Чи битгий хорлоод бай. Өвөг дээдсээр нь хүнийг УИХ-д сонгоно гэдгийг ойлгохгүй байна. Б.Ренчин гуай үүнд ямар хамаатай юм. Өвөөгөөрөө халхавч хийсэн хүн. Хийснээр нь бүтээснээр нь, Монгол Улсын төлөө зүрх нь цохилсон уу, хэдэн хүнийг ажилтай болгосон, хэчнээн төгрөгийн татвар төлснөөр нь сонго. Хас банканд маш олон захирал бий. Гадаадын хүн байсан тул Хас банканд орлогч захирлын албан тушаал хашсан. Голланд бол өөрөө оффшор бүс мэдээллээ гаргаж өгөхгүй. Хуулийн байгууллагууд нь бидний эргэлзээг тайл" гэсэн юм.
Тэгвэл Ч.Ганхуягийн удаа дараагийн "цохилт"-ыг таг дуугүй дөрөв хоног харж суусан Г.Амартүвшин өчигдөр твиттер хуудастаа ингэж бичжээ.
"Ч.Ганхуягт би талархаж явдаг. Тэр Монголын банк санхүүгийн салбарт их зүйлийг хийсэн, цаашдаа ч илүү ихийг хийх эрч хүчтэй хүн. Анх намайг Хас банкинд ажиллахыг санал болгосон хүн бол яах аргагүй Ч.Ганхуяг юм. Энэ ч утгаараа тэр намайг шүүмжлэх бүрэн эрхтэй" гэв.
Үүний хариуд Ч.Ганхуяг "Овоо тэнхээтэй юм. Би түүнийг уучиллаа - хүн алдах онох алийг нь тэр гэх вэ? Миний хувьд хэлдгээ хэлсэн, одоо энэ тухай дахиж дугарахгүй. Бид нэг л удаа амьдрах тул дотроо гомдол хорсол тээх утгагүй. Эр хүний замын хүзүү урт гэдэг" гэжээ.