Туул голын цэнгэг байдалд чухал нөлөө үзүүлдэг зэвэг загасыг үржүүлэх "Million Fish Project" буюу "Сая Загас" төслийг дэмжиж, автоспорт, мотоспорт сонирхогч клубуудын залуус байгаль экологийн хөгжилд хувь нэмрээ орууллаа.
Энэхүү төслийг дэмжих зорилгоор "Тотал моторс" компанийн уриалгаар Yamaha Club, MOF, Jeep Club Mongolia, Raptor Club Mongolia, Zaisan Moto Club, One life club зэрэг автоспорт, мотоспортын клубууд үйл ажиллагаанд оролцлоо.
Үйл ажиллагааны үр дүнд Монголын бартаат замын авто спортын холбооны зүгээс ирэх жилийн эх сүрэг барих болон буцаан байгальд нутагшуулах үйл ажиллагаанд машин техникээр туслалцаа үзүүлэх, загас үржүүлгийн байгууламж дээр эрдэмтдийн байрлах шинэ сууц гаргаж өгөх материаллаг дэмжлэг үзүүлэхээр болжээ.
"Тотал Моторс" компанийн энэхүү хандивын арга хэмжээг дэмжиж оролцсон MT, Gmobile, MCS Coca-Cola, Febest Mongolia, One Event Hall, unuudur.mn, Балдорж сан, Special catering service зэрэг байгууллагуудад талархал илэрхийлэв.
Туул Ижий сан ТББ, JCI Progress салбар байгууллагын хэрэгжүүлж буй "Million Fish Project" буюу "Сая Загас" төсөл нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, Монгол Улсын хүн амын дийлэнх нь амьдарч буй Улаанбаатар хотын цэвэр усны гол хангамж болох Туул голын цэнгэг байдалд чухал нөлөө үзүүлдэг зэвэг загасыг зориудын аргаар үржүүлэх, байгалийн нөөцийг нөхөн сэргээх зорилготой төсөл юм.