БНПУ-д сурч байсан 21 настай монгол оюутан энэ сарын 7-8-нд шилжих шөнө дотуур байрныхаа зургадугаар давхраас үсэрч, амиа хорлосон харамсалтай хэрэг гарав. Талийгаачийг гэрээслэл бичиж үлдээсэн гэх мэдээлэл бий. Энэ оны эхний улирлын буюу таван сарын тэтгэлгийн мөнгө нь орж ирээгүй учраас БСШУСЯ, Сангийн яаманд хүсэлт гаргасан гэж Монголоос Польш улсад суугаа Элчин сайд Б.Дорж хэвлэлд ярьжээ. Тэгвэл Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж “Польшид сурч буй монгол оюутнуудын тэтгэлгийн санхүүжилт бүрэн орсон” гэлээ. Харин ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Бид энэ асуудлаар хэвлэлд тусгайлан мэдээлэл өгөхгүй. Маргааш (өнөөдөр) шуурхай штабын хэвлэлийн хурлын үеэр шаардлагатай бол асуугаарай” гэсэн юм.
Польшид төгсөгчдийн холбооны тэргүүлэгч Х.Батхишигээс зарим зүйлийг тодруулахад “Польшид сурч буй монгол оюутнуудын нөхцөл байдал хүнд байна. Заримынх нь хичээл цахимаар ороод өнөөдрөөс дууссан. Тэд дотуур байрнаасаа гарч чадахгүй хөл хорионд байгаа. Өнгөрсөн долоо хоногт тэнд ажилладаг монгол эмч нар оюутнуудыг хооллосон гэсэн. Сүүлийн зургаан сарын хугацаанд тэтгэлэг олгоогүй. Оюутнуудын сургалтын болон дотуур байрны төлбөр нь нэхэгдээд хүнд байгаа гэсэн. Зургаан сар тэтгэлгээ авч чадаагүй нь талийгаачийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлсөн байх. Гэхдээ энэ нь үхлийн шалтгаан болсон гэж шууд хэлэх боломжгүй. Польшийн цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа” гэв. “Ковид-19” тахлын улмаас Польшид хоёрдугаар сараас хөл хорио тогтоож, монгол оюутнууд ажил хийх боломжгүй болжээ.
Тэнд тэтгэлгээр сурч буй 130 орчим монгол оюутан байгаа аж.