Улсын их дэлгүүрт уржигдар гал гарч, их хэмжээний хохирол учирсан. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд дүгнэлт нь 14 хоногийн дараа гарах юм байна. Улсын их дэлгүүрийн дээврийг засаж байсан ажилтнууд гал алдсан байж болзошгүй гэж үзэж буй. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас таван хүнийг шалган, тайлбар мэдүүлэг авч байгаа гэнэ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан Улсын их дэлгүүрт гарсан галын талаар өчигдөр мэдээлэл өглөө. Тэрбээр “Гал гарсан гэх мэдээлэл зургадугаар сарын 7-нд 16.48 цагт Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах X ангийн алба хаагчид 16.50 цагт газар дээр нь очсон. Дээврийн хэсэгт гал их тархсан байсан тул нэмэлт хүч дуудсан. Найман ангийн 164 албан хаагч 27 автомашинтай ажилласнаас гадна Ус сувгийн удирдах газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Төмөр зам дахь Гал түймэр унтраах, аврах анги, “Сүү” ХХК-ийн ажилчид гээд нийт 200 гаруй хүн гал унтраахад оролцлоо. Улсын их дэлгүүрийн зургадугаар давхрын дээврээс таван хүнийг автомеханик шат ашиглан, эсэн мэнд буулгасан. Мөн тавдугаар давхарт байсан угаартсан хоёр хүнийг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө. Тус дэлгүүр нь хотын төвд байршилтай учраас маш богино хугацаанд хүн, хүч татан төвлөрүүлж чадсан. Галын тархалтыг 17.30 цагт зогсоож, 21.30 цагт бүрэн унтраасан.
НЦУГ-ынхан ахалж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид өчигдөр (уржигдар) 08.00 цагаас хэргийн газарт үзлэг хийж эхэлсэн. Галын шинжээч, байцаагч нар мөн ажиллаж байгаа” гэв. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Онцгой байдлын албаныхан хүн хүч сайтай ч техник, тоног төхөөрөмж нь төдийлөн сайжирсан зүйл ажиглагдсангүй. Гал унтраахад ашигласан шат хэдэн метрт хүрдэг вэ?
-Онцгой байдлын албаныхны 70 орчим хувь нь хорт хийн утаанаас хамгаалах, хүчилтөрөгчийн багтай. Өндөр барилгад гарсан галыг унтраах зориулалттай механик шат нийслэлийн хэмжээнд гуравхан бий. Тухайлбал, Гал түймэр унтраах, аврах 10, 26, 63 дугаар ангид бий. Эдгээр шат 30-35 м сунадаг. Өөрөөр хэлбэл, есөн давхар хүртэлх барилгад ийм шатыг ашиглан аврах ажиллагаа явуулах боломжтой. Монгол Улсын хэмжээнд 50 м хүртэл сунах зориулалттай шат Орхон аймагт ганц байгаа. Сүүлийн үед арваас дээш давхар барилга барих болсон. Тэдгээр нь гал унтраах усан хангамжаа шийдсэн байх ёстой. Дотуур усан хангамж, нөөц шахуурга, усан сан, гал мэдрэгч, дохиолол, автомат унтраагуураар тоноглогдсон байхыг шаарддаг. Одоогийн байдлаар манай улсад гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байхгүй.
-Усны нөөц хэр хүрэлцээтэй байсан бол?
-Бидний ашиглаж буй автомашинууд усны нөөц сайтай болсон. 4-10 тонн багтаамжтай. Бага хэмжээний галд ус дутагдах асуудал гардаггүй. Томоохон объект, их хэмжээний галын үед усан хангамж, бодис дутагддаг. Улсын их дэлгүүрийн ойролцоо гидрант (гал унтраах усан хангамж) байгаагүй. Нийслэлд төвийн усны шугамд байрлалтай галын 178 гидрант бий. Үүнээс 104-ийг нь ашиглах боломжтой. Бусад нь эвдэрсэн. Сүүлийн үед барьж буй барилгуудад галын гидрант зайлшгүй суурилуулахыг шаарддаг. Улсын их дэлгүүр хуучны барилга учраас галын гидрант байгаагүй. Ойролцоох төвийн шугамд нь ч байхүй. Гэхдээ Ус сувгийн удирдах газрын болон сүүний тэрэгнүүд ус тээвэрлэж ирсэн учир нөөц хүрэлцээтэй байлаа. Улсын их дэлгүүрт орчин үеийн автомат, гал унтраах төхөөрөмж суурилуулаагүй байжээ. Галын дохиолол, унтраагуур, дотуур усан хангамж байсан. Нөөц усан сан муутай байв.
-Улсын их дэлгүүрийн барилгын хийц, бүтээцээс шалтгаалан гал хурдан тархсан гэв үү?
-Үндсэн барилга нь таван давхар. Зургадугаар давхар буюу өргөтгөл нь шатсан. Үндсэн барилга нь тоосгон, галд тэсвэртэй. Нэмж барьсан өргөтгөлдөө сэндвич, хөөсөнцөр ашигласан нь гал богино хугацаанд тархахад нөлөөлсөн.
-Танай байгууллагаас галын аюулгүй байдлыг нь шалгаж байв уу?
-2019 онд хавар, намар хоёр удаа шалгасан. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард шалгаж, албан шаардлага хүргүүлж байв. Шаардлагыг 70 орчим хувь биелүүлсэн бөгөөд үлдсэн хэсгийг нь барилгын хийц, бүтээц, хөрөнгө санхүүтэй холбоотойгоор засаагүй гэх тайлбар хэлдэг. Цахилгааны аюулгүй байдал, орц, гарцын тоо, зоогийн газарт шингэрүүлсэн хий ашиглах нь эрсдэлтэй нөхцөл, зөрчилд тооцогддог. Өргөтгөлийн долдугаар давхарт байрлах зоогийн газарт гал тархаагүй. Тэнд байсан шингэрүүлсэн хийг аюулгүй газарт гаргасан. Утаа бүх давхарт тархсанаас гадна гал унтраахад ашигласан ус тавдугаар давхар луу нэвчсэн.