Онцгой байдлын алба хаагчид Улсын их дэлгүүрийн барилгын зургаан давхар болон дээврийн хэсэгт гарсан түймрийг унтраахаар хоёр цаг 30 минутын хугацаанд ажилласны эцэст бүрэн унтраалаа.
Анх гурван ангийн алба хаагчид ажиллаж байсан ч нөхцөл байдал хүндэрсэн тул нэмэлтээр хүч авчирч, нийтдээ найман ангийн 100 гаруй алба хаагч дайчилжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр гал гарч эхэлсэн цагаас хойш Онцгой байдлын алба хаагчид нийт 11 хүнийг галын аюулд өртөх эрсдлээс хамгаалсан ба тэдний 2-3 хүн нь угаартсан байжээ. Угаартсан иргэдэд Түргэн тусламжийн гурван ч машин ирж, тусламж үзүүлсэн байна.
Урьдчилсан байдлаар, барилгын ажил хийж байсан иргэдийн буруутай үйлдлээс болж гал гарсан байж болзошгүй гэж Онцгой байдлын албаныхан таамаглаж байна.
1961 онд баригдсан УИД-ийн барилгын долоон давхарт ресторан үйл ажиллагаа явуулдаг бол зургаан давхарт үндэсний үйлдвэрлэл, уран зураг, эртний үнэт эдлэл, жуулчдад зориулсан худалдаа, номын дэлгүүр, харин тавдугаар давхарт кино театр, цахилгаан болон гэр ахуйн барааны тасгууд үйл ажиллагаа эрхэлдэг.