Баянгол дүүргийн Улаан загалмайн хорооноос тус дүүргийн 8-р хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гурил, будаа, элсэн чихэр тараажээ. Тус хорооноос жил бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ийнхүү хүнсний тусламж үзүүлдэг гэнэ.
Харин зарим хүмүүс үүнийг АН-ын дарга С.Эрдэнийн зохион байгуулсан сонгуулийн хууль бус сурталчилгаа хэмээн бичсэн нь цахим орчинд шуугиан тарьж байна.
Учир нь өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард С.Эрдэнэ яг дээрхтэй ижил 5 кг гурил, 2 кг цагаан будааг тус дүүргийн иргэдэд тарааж байсан юм. Тэгвэл энэ удаад түүнийг Баянгол дүүргийн иргэдэд гурил, будааг "Ардчилал таймс" сонины хамт тараасан гэж дүүргийн оршин суугч бичжээ.
Дээрх мэдээллийн дагуу бид Улаан загалмай нийгэм рүү холбогдон тодруулахад "Олон улсын Улаан загалмай нийгэмлэгээс тусламж ирэх үед нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст хүнс тараадаг. Энэ сарын 16-нд тус хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэн тус бүрт 5 кг гурил, 2 кг будаа өгсөн. Тэдэнд Ардчилал таймс сонинг дагалдуулж өгөөгүй" гэлээ.
Тараасан эд зүйлсийн дотор гагцхүү "Ардчилал таймс" сонин багтсан байгаа нь С.Эрдэнийн явуулга хэмээн хардах үндэслэл гэж зарим хүн үзжээ. Тэгвэл нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар "МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа Х.Ганхуяг гэгч залуу гурил, будааны дэргэд "Ардчилал таймс" сонинг тавиад зургийг нь дарж сошиалаар зохион байгуулалттай тарааж байна" гэв.
Сонгуулийн жилд зарим нэр дэвшигчид иргэдэд бэлэн мөнгө, эд зүйлс хууль бусаар тарааж сонгогчдын саналыг худалдаж авах тохиолдол хаа сайгүй гардаг. Нөгөө талаараа тойргийнхоо өрсөлдөгчдийн нэр хүндийг унагаах гэж хийгээгүй хэргийг нь хийсэн мэтээр зохион байгуулалттайгаар гүтгэдэг явдал ч гардаг. Хэнийх нь зөв, буруу байсан ч Сонгуулийн ерөнхий хороо тойрог бүрийг шалгаж, анхааралдаа авах цаг болжээ.
Сонгуулийн тухай хуулийн 48.1-т "Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглоно" хэмээн заасан.