“Коронавирусын халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг 2020 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Дадлага сургуулийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох сургуулийг 05 дугаар сарын 07-нд зохион байгуулах юм. Энэ үеэр буюу өглөөний 08:00 цагаас орой 18:00 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орох, гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлана.
Дадлага сургуулилалт хоёр үндсэн хэсэгтэйгээр зохион байгуулагдах юм.
Нэгдүгээрт, Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед төрийн байгууллагууд хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, энэ ажлыг яаж төлөвлөсөн, ямар хүндрэл бэрхшээл, нөөц байгааг тодотгож, хоорондоо ярилцах команд штабын сургалт хийгдэнэ. Энэхүү сургалт нь 72 цагийн турш тасралтгүй явагдана.
Хоёрдугаарт, “Коронавирусын халдварт цартхалын үеийн хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа спортын ордныг түшиглэн эмнэлгийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх 300 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлгийг дууриалган үзүүлэх бол ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг дэлгэх юм.
Харин Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох сургуулийг 05 дугаар сарын 07-нд зохион байгуулах юм. Энэ үеэр буюу өглөөний 08:00 цагаас орой 18:00 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орох, гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлана
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр
- A - Хайлаастын уулзвар
- B - 32-ын тойрог
- C - Баянбүрдийн тойрог
- D - Дөлгөөн нуурын уулзвар
- E - Төв шуудан
- F - Баруун дөрвөн зам
- G - Зурагтын уулзвар
- H - Зурагтын хоёрдугаар буудал
- I - Далан давхар
"Цэргийн зориулалттай тусгай тоноглолт машин техник оролцуулж, сургуулилалт хийнэ"
Хөл хорионы талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр "Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн заагаар цагдаа болон зэвсэгт хүчнийхнийг дайчлан харуул хамгаалалт гаргана. Тус дүүргийн иргэд өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй, хатуу хөл хорионд орсон байдлаар дадлага хийнэ. Дэлхийн бусад улс орнуудын авч буй жишиг арга хэмжээг авна. Иргэн хүн гэртээ байна гэдэг нь энэ дадлага сургуульд оролцож байна л гэсэн үг.
Нэмэлтээр цэргийн зориулалттай тусгай тоноглолт машин техник оролцуулж, сургуулилалт хийнэ. Гэхдээ үүнийг байлдааны ажиллагаа мэтээр буруу ойлгож, ийм төрлийн мэдээллийг бусдадаа түгээхийг хатуу хориглож байна. Энэ бол зөвхөн дадлага. Хүндэрсэн үед яаж ажиллах вэ гэдгээ урьдчилан тогтоож авах, үйл ажиллагаагаа уялдуулан сайжруулах зорилготой" гэлээ.
Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 7-ны өдрийн 08:00-18:00 цагийн хооронд Чингэлтэй дүүрэгт зөвхөн онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагынхан л зорчих юм. Харин ААН-үүдийн хувьд цахимаар ажлаа зохион байгуулах шаардлагатай болж байна. Эсвэл ажилчид тус өдрийн 08:00 цагаас өмнө ажлын байрандаа ирээд оройн 18:00 цагт буюу хөр хорио тавигдах үед хөдөлгөөнд хэвийн оролцох боломжтой.
Харин гэртээ байгаа иргэдийн хувьд тухайн өдрийнхөө хүнс, хэрэглээний эд зүйлсээ нөөцлөх шаардлагатай болж байна.