Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдал ямар байгааг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа танилцууллаа.
Тэрбээр "АНУ-д шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 140 мянга гаруй болж, нас барсан хүний тоо 2400 гаруй болсон.
Өчигдөр тус улсын Харшил, халдварт өвчний хүрээлэнгийн захирал Антони С.Фаучи олон нийтэд хандан мэдээлэхдээ "АНУ-д халдварын оргил үе нь хараахан ирээгүй байна. Ирэх долоо хоногт манай улсад халдварын тоо болон нас баралтын тоо огцом ихсэж оргилдоо хүрэх магадлалтай. Математик тооцооллоор АНУ-д хэдэн сая хүн халдвар авч, 100 мянга гаруй хүн нас барна гэж дүгнэсэн" гэв.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Холбооны Засгийн газраас гуравдугаар сарын 31-н хүртэл тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдээ дөрөвдүгээр сарын 31-н хүртэл үргэлжлүүлэн сунгалаа. Үүнд, хоёр метрийн зайнаас харьцах, олон хүн нэг дор цугларахгүй байх, өндөр настнууд гэрээсээ гарахгүй байх зэрэг арга хэмжээнүүд байгаа юм.
Италийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар тус улсад нэг өдрийн дотор 750 гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Баасан гарагт 919 нас барагт бүртгэгдсэн бол бямба, ням гарагт нас баралтын тоо ялимгүй буурсан гэв. Мөн дөрөвдүгээр сарын 30-нд дуусах хөл хориог цааш нь үргэлжлүүлнэ хэмээн Ерөнхий сайд нь мэдэгдсэн бөгөөд бүх хязгаарлалтын арга хэмжээнүүдээ энэ оны зургадугаар сар хүртэл цуцлахгүй хэмээн мэдэгджээ.
Испани улсын хувьд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 838 нас баралт бүртгэгдсэн нь халдвар анх гарснаас хойш хамгийн олон хүн нас барсан үзүүлэлт болж байна.
Франц улсад 24 цагийн дотор шинэ тохиолдол 2600 орчим, нас баралт 292 бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар тус улсад 19 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүний 4600 гаруй нь эрчимт эмчилгээ хийлгэж байна.
Герман улсад халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 4 мянгаар нэмэгдлээ. Мөн Франц улсаас эрчимт эмчилгээ шаардлагатай байгаа 50 орчим өвчтөнийг тус улс хүлээн авч, эмнэлгийн тусламж үзүүлэхээр болсон байна.
Япон Улсад 48 мянга гаруй хүнд лабораторийн шинжилгээ хийж, нийт 1700 гаруй халдварын тохиолдлыг илрүүлсэн байна. Сүүлийн өдрүүдэд Токио хотод халдварын тохиолдлууд нэмэгдэх болжээ. Одоогоор тус улсад нийт 55 хүн халдварын улмаас нас бараад байна.
2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний 00 цагаас эхлэн БНСУ-д зорчиж буй гадаад, дотоодын иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах шийдвэрийг БНСУ-ын Онцгой байдлын штабаас гаргажээ.
БНСУ-д оршин суух үнэмлэхтэй гадаадын иргэд өөрийн амьдарч байгаа байрандаа тусгаарлагдах боломжтой бол богино хугацаагаар /аялал жуучлал, транзит г.м/ буюу байнга оршин суух хаяггүй гадаадын иргэдийг БНСУ-ын Онцгой байдлын штабаас гаргаж буй төвлөрсөн газарт хувийнх нь зардлаар тусгаарлах аж. Нэг хоногийн зардал нь 100,000 воны төлбөртэй.
БНСУ-ын Онцгой байдлын штабын хорио цээрийн шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн иргэний оршин суух хугацааг сунгахгүй байх, албадан хилээр гаргах хүртэл арга хэмжээ авахыг БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн байна" гэлээ.