Засгийн газрын хуралдаанаар ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа. Тогтоолыг ХХААҮХ-ийн сайд Ч.Улаан танилцууллаа.
Тэрбээр "Ноолуур бол манай улсын стратегийн чухал бүтээгдэхүүн. Үүнийг бид үр дүнтэй ашиглах ёстой. Энэ жил манай улсад 70,9 сая мал тоологдсон бөгөөд тэдгээрээс 10.2 мянган тонн ноолуур бэлтгэх боломжтой. Коронавирусийн улмаас дэлхийн зах зээлд ноолуурын бизнесийн идэвхжил буурах эрсдэлтэй байна. Тиймээс энэ жилийн ноолуур бэлтгэлийн асуудалд Засгийн газар цогц арга хэмжээ авахаар боллоо.
Өнгөрсөн жилийн байдлыг авч үзвэл нийт бэлдсэн ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулсан байна. Үүний 10 орчим хувийг хагас боловсруулан экспортолсон. Тэгвэл энэ жилийн хувьд дээрх байдлыг өөрчлөх шийдвэрийг Засгийн газар гаргалаа.
Тухайлбал, энэ жилийн ноолуур бэлтгэлд зориулж үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг Хөгжлийн банкаар дамжуулан шийдвэрлэхээр боллоо. Ингэхдээ тус банк үндэсний үйлдвэрүүдэд нийт 300 тэрбум төгрөгийн, 3-5 хувийн хүүтэй зээл олгоно. Хүүгийн зөрүүг төр хариуцана" хэмээлээ.
Зээл олгосноор ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээх боломжтой болох аж.
Ингээд төрийн дэмжлэгтэй ноолуур бэлтгэх үйлдвэрүүдийг зарлах бөгөөд тухайн үйлдвэрүүдэд ноолуураа тушаасан малчдад урамшуулал олгох юм байна. Нэг кг ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байх арга хэмжээг авч ажиллана гэдгийг салбарын сайд хэллээ.