Сүүлийн үед цахим орчинд "Hero Entertainment" студийн зураглаачтай холбоотой мэдээлэл шуугиан тариад буй. Тухайлбал, "Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн тус студийн зураглаач зураг авалт хийх зорилгоор иргэдтэй хамт зорчиж явсан, түүнийг онгоцноос буух үед нь тусгаарлаагүй, гадуур сул чөлөөтэй явж байна" гэх мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлээд байгаа юм. Тэгвэл энэ тухай тус студийн зураглаач С.Нямхүү рүү холбогдон тодрууллаа.
-Сайн байна уу? Юун түрүүнд тодруулга өгч байгаад баярлалаа. Та яг одоо хаана байгаа вэ? Боломжтой бол өрөөнийхөө болон цонхноосоо зураг авч харуулж болох уу?
-Сайн, сайн байна уу? Би 2020 оны гуравдугаар сарын 15-ны орой 20:00 цагт онцгой байдлын "Жаргалант" сувилалд тусгаарлагдсан.
-Таныг нэг хэсэг тусгаарлагдаагүй гэж шуурсан. Харин одоо болохоор оргож байгаад буцаад баригдсан гэх мэдээлэл явж байна.
-Энэ бүх мэдээлэл ташаа болохыг албан ёсоор хэлье. Би энэ сарын 15-ны өдөр онгоцноос буумагцаа шууд онцгой байдлын машинаар энд хүргэгдэж ирсэн. Одоо үед тал талаас камертай болсон үе шүү дээ. Би бүх зорчигчидтой хамт хөл хорионд байгаа. Энэ амралтын газрын ажилтнууд ч гэрчилнэ.
-Хүмүүс анхнаасаа яах гэж явсан юм болоо гэж их асууж байгаа.
-Зөвхөн Монгол гэлтгүй дэлхийг цочроосон энэхүү аймшигт энэ үеийг түүхийн хальснаа буулгаж авах нь миний үүрэг гэж бодсон. Бид Монгол Улсын Засгийн газар иргэдээ хэрхэн эх оронд нь авчирч байгаа, мөн эмч, сувилагч, цагдаа, нисэх багийнхан хэрхэн ажиллаж байгааг харуулахыг зорьсон юм. Энэ бол улсын түүх шүү дээ. Иргэн хүний болон уран бүтээлчийнхээ хувьд үүргээ биелүүлж явна.
-Онгоцон дотор ямар нөхцөл байдалтай байсан бэ?
-Нислэгийн явцад онгоцны нисгэгчид бүхээгнээсээ огт гараагүй. Мөн мэргэжлийн хяналтын хоёр ажилтан иргэдэд хяналт тавьж байсан бөгөөд зорчигчдод огт хоол өгөхгүй байх чиглэл өгсөн. Мөн онгоцны үйлчлэгч болон бид бүрэн хамгаалах хувцастай явсан.
-Эх орондоо буух үед зорчигчид ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
-Тэд маш тайван байсан. Онгоцноос буух мөчид ээж, аавтайгаа уулзаж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Зарим нэг хүн "эх оронтой байх сайхан юмаа" гэж ярьж байсан.
-Энэ дүрс бичлэгийг авах гэсэн зорилгыг тань ойлгож байгаа ч энэ нь өөртөө болон эргэн тойрныхондоо их эрсдэл дагуулна гэж харж байна.
Эрсдэл дагуулахгүй байх нь л хамгийн чухал. Тиймдээ ч зарим хүмүүсийн зугтсан гэж яриад байгааг ойлгохгүй байна. Би гэр бүлтэй, гурван хүүхэдтэй. Дэлхий даяар юу болж байгааг харсаар байж тэд нарыгаа юу гэж эрсдэлд оруулах юм бэ.
-Таны сошиалд бичсэн бас нэг зүйлийг уншлаа. "Шоронд байгаа юм шиг хуваарьтай" гэж бичсэн байна лээ. Хөл хорионд өдрийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Тийм ээ, энэ өрөө гаднаасаа цоожтой. Дураараа орох, гарах ямар ч боломжгүй. Тогтмол халуунаа үзүүлж, эрүүл мэндийн асуумж бөглөж байна. Өдрийн гурван хоолтой. Энд байгаа ажилтнууд дүрэм журмаа маш сайн танилцуулж, мөрдүүлж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл байгаа юу?
-Баярлалаа. Худал ташаа мэдээлэл тарааж байгаа хүмүүсээс нотолгоотой зүйл бичиж байхыг хүсье.
Мөн бид түүнээс тодруулга аваад зогсохгүй ХӨСҮТ рүү холбогдон энэ талаар тодрууллаа. Утасны бичлэгийг хүргэж байна.