Коронавирусын хорио цээрийн улмаас Японы сургууль, цэцэрлэгүүд сүүлийн хоёр долоо хоног хаалттай байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сар хүртэл хаалттай хэвээр байх аж.
Японы хичээлийн жил гуравдугаар сард дуусч, дөрөвдүгээр сард эхэлдэг тул энэ хугацаанд сурагч, оюутнууд төгсөлтийн баяраа тэмдэглэх боломжгүй болж байгаа юм. Үүнд сурагчид сэтгэл дундуур байгаагаа нэг бус удаа цахим орчинд илэрхийлж байжээ.
Тэгвэл Японы зарим бага ангийн сурагчид төгсөлтийн баяраа өөрсдийн тоглох дуртай тоглоомон дотроо тэмдэглэсэн байна. Энэ талаар Японы нэгэн твиттер хэрэглэгч анх жиргэсэн бөгөөд түүний хүү найз нартайгаа хамт виртуал төгсөлтөө хийж байгаа талаар бичжээ.
Тус жиргээнд "Би хүүгээсээ танай төгсөлтийн баяр хэзээ болох гэж байна вэ?" гэж асуухад хүү маань "Бид Minecraft дотор төгсөлтийн баяраа хамтдаа тэмдэглэхээр шийдсэн' хэмээн хариулсан" гэжээ. Энэхүү жиргээ нь тэр дороо Японы олон мянган твиттер хэрэглэгчдийн анхаарлыг татсан юм.
「何やってんの?」
— 柏原周平 (@backyennew) March 14, 2020
「みんなで卒業式をやることにした」
え?すげえ。
小学生が集まって自分たちで卒業式を始めた。 pic.twitter.com/qqk2XnmK6g
Японы эцэг эхчүүд хөл хориотой байгаа энэ үед хүүхдүүдээ сургуульд нь явуулхаас илүүтэй гэртээ дуртай тоглоомоо тоглоод сууж байх нь илүү дээр гэж үзсэн байна. Тэд:
"Эцэг эхчүүд цахимаар ажлаа хийж байна, харин хүүхдүүд маань цахимаар төгсөлтийн баяраа тэмдэглэж байна. Энэ нь их зүгээр шүү",
"Энэ нь тэдний хувь ердийн төгсөлтөөс ч илүү сайхан дурсамж үлдээх болно. Би одооны хүүхдүүдэд атаархаж байна",
"Тэд өдөржингөө онлайнаар тоглоом тоглож, инээлдэж байсан. Хүүхдүүд бүгд хөгжилтэй байгаад би баяртай байна" гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлж бичжээ.