Хоногийн 24 цагтай уралдан ажиллаж буй завгүй хүмүүст зориулж өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Монгол Улсад COVID-19 вирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ /2020-03-10/
2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс шинэ коронавирусын халдвар илэрлээ. Нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоосон байна.
Франц Улсаас зөөвөрлөгдөн ирсэн халдварыг тархахаас сэргийлж нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 07.00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл зогсоолоо. Зайлшгүй шаардлагаар нийслэл, аймаг, сум руу зорчих бол нийслэл, аймгийн Онцгой комисст хүсэлтээ гаргаж зөвшөөрөл авах ёстой. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох бүх байгууллага шаардлагатай арга хэмжээг авч байна. Иргэд айж тэвдэлгүй, аль болох гэртээ байх, гараа тогтмол угаах, гадуур явах бол амны хаалт заавал зүүхийг Улсын онцгой комисс зөвлөлөө.
Олон улсын нислэг, авто болон төмөр замын хөдөлгөөнийг зогсоов /2020-03-10/
Шинэ коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс дахин хуралдлаа. Хурлаас Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 11-ний 12.00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоолоо. Монгол, Оросын автозамын хилийн боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд, ОХУ-аас Монгол Улсад ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 11-ний 20.00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоолоо. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгажээ.
БНСУ, Япон, Европоос 1000 иргэнээ авна /2020-03-11/
Засгийн газар өнгөрсөн лхагва гарагт ээлжит хуралдаанаа хийж, зарим шийдвэрүүдийг гаргасан билээ. Тодруулбал, Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн чиглэлийн дагуу 1000 иргэнээ БНСУ, Япон, Европоос тусгай үүргийн онгоцыг 4 удаа нисгэж авахаар болсон юм. Тухайн улсуудад нь оношлуулах зардлыг Засгийн газраас гаргахаар болсон. Ирээд мөн 14 хоног тусгаарлаж, оношилно. Ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө хариуцна. Тусгаарлагдах нэг хоногийн зардал нь 31 мянган төгрөг байх аж. Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байна. Энэ ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараар ахлуулсан юм.
Үндэслэлгүйгээр үнэ нэмсэн аж ахуйн нэгжийг 5-20 саяар торгоно /2020-03-12/
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаашид өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмж иргэд, хэрэглэгчдийг хохироосон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн дагуу хариуцлага тооцож, тухайн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох газруудад хүргүүлэхээ мэдэгдлээ.
Зөрчлийн тухай хуулиар үнэ нэмсэн байгууллага, аж ахуйн нэгжид таван саяас 20 сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулж, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.
Нэгдүгээр хавьтлын 207 иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа /2020-03-13/
Монгол Улсад халдварын анхны тохиолдол болж бүртгэгдсэн Францын иргэний нэгдүгээр хавьтал болсон иргэдийг тодруулан, шинжилгээ авч байгаа билээ. Өнгөрсөн пүрэв гарагийн өглөө ЭМЯ-наас 126 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан хэмээн мэдээлсэн. Тэгвэл мөн өдрийн 17.00 цагийн байдлаар 149 хүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн. Мөн Эрүүл мэндийн яам ч 13-ны өглөө энэ мэдээллийг бататгасан юм. Бүр 207 иргэний шинжилгээний хариу сөрөг гараад байгаа.
Гэхдээ эдгээр иргэнд 7 хоног 14 хоног 21 хоногийн давтамжтайгаар дахин шинжилгээ хийх аж. Түүнээс гадна, Францын иргэнтэй хамт нэг онгоцоор ирсэн. Ирсэн даруйдаа Увс аймаг руу явсан Англи иргэний шинжилгээний хариу ч сөрөг гарсан юм.
Ф.Мэрлин: Франц улсын иргэн COVID-19 халдварын анхны тохиолдлыг авчирсанд маш их харамсаж байна /2020-03-13/
Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин өчигдөр Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд Филипп Мэрлин “Юуны түрүүнд Монголд Улсад COVID-19 халдварын анхны тохиолдлыг авчирсан хүн нь Франц Улсын иргэн байгаад маш их харамсаж байна. Надаар дамжуулан Франц улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлснийг уламжилж байна” гэжээ. Тэрээр энэхүү харамсалтай үйл явдлыг цаашид засч залруулах тал дээр ихээхэн санаа зовинож байгаагаа уламжилсан байна.
Л.Мөнхтүшиг: Монгол Улсын иргэн БНСУ-д COVID-19-ийн халдвар авсан ч эдгэсэн байна /2020-03-14/
Монгол Улсын иргэн БНСУ-д COVID-19 вирусийн халдвар авсан гэх мэдээлэл тус улсын хэвлэлээр цацагдсан. Тэгвэл энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сөүл дэх ЭСЯ-аар дамжуулан албан ёсны мэдээлэл авсан. Манай улсын 28 настай иргэн Б Дэгү хотод хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илрээд дүүргийнхээ эмнэлэгт хандсан. Шинжилгээ өгөхөд хоёрдугаар сарын 27-ны өдөр эерэг буюу коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Тухайн дүүргийн эмнэлгээс манай иргэнд илэрсэн вирус бага хэмжээтэй байсан тул нэг удаагийн дуслын эмчилгээ хийгээд гэрийн хорионд байх мэдэгдэл өгсөн. Манай иргэн 14 хоногийн тусгаарлалтаа дуусгаад гуравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд шинжилгээ өгөхөд хоёр удаа хариу нь сөрөг гарсан. Энэ иргэн одоо эрүүл саруул, чөлөөтэй байгаа" хэмээлээ.