Өнөө өглөө 06:00 цагт Улсын Онцгой комисс Монгол Улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол илэрснийг зарлаж, иргэдийг багагүй айдаст автуулав.
Анх нэгдүгээр сард БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар бүртгэгдэж эхэлсэн цагаас хойш Монгол Улсын Засгийн газар гадаад дахь нөхцөл байдлыг цаг алдалгүй ажиглаж байсан. Улмаар энэхүү вирусийг эх орондоо оруулахгүйн тулд олон чухал шийдвэр гаргасныг бид харсан.
Тухайн үед коронавирусийн халдвар Өмнөд Солонгос, Япон, Тайвань зэрэг орнуудад дөнгөж тархаж эхлэх үед тус улс орнуудын эрх баригчид энэ асуудалд тийм ч нухацтай хандаагүй. Харин тэрхэн үед Монгол Улсын Засгийн газар түрүүлж хөдөлж сургууль цэцэрлэг, зарим аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Мөн халдвар хамгийн их тархаж болзошгүй үе болох сар шинийн баяраар хот хоорондын замын хөдөлгөөнийг хааж, олон улсын зарим нислэгүүдийг цуцалсан нь Засгийн газар болоод Улсын Онцгой комиссийн нүдээ олсон шийдвэр байлаа. Харин зарим иргэдийн зүгээс хилээ бүрмөсөн хаагаагүйд бухимдалтай байгааг дурдах хэрэгтэй. Энэ асуудал нь манай улсын эдийн засагтай гүн холбоотой байсан учир авч хэлэлцээгүй юм.
Өнөөдрийг хүртэл коронавирусийн халдвар тархах хамгийн эрсдэл өндөртэй орон болох Монгол Улсад энэхүү өвчнийг оруулж ирэлгүй тогтоон барьсан эмнэлэг болон хууль хяналтын байгууллага, Засгийн газрын бодлогод иргэд ам сайтай явсан.
Гэвч харамсалтай нь ийм цаг үед өвчнөөр улс төр хийж буй нөхдүүд мэр сэр байна. Тодруулбал, Ардчилсан намын хэсэг гишүүд Засгийн газар, Улсын Онцгой комиссийг "ажлаа муу хийсэн, коронавирусийг Монголд оруулж ирснийхээ төлөө хариуцлагаа үүрээд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор" гэх мэтээр цахим орчинд шаардаж эхэлжээ. Мэдээж энэ шаардлагыг иргэд сайнаар хүлээж авсангүй.
Уг нь одоо улс төр хийх цаг биш байлтай. Дайны хажуугаар дажин гэгчээр энэ жил сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор коронавирусээр далимдуулж улс төрийн ашиг сонирхолдоо хүрэх гэсэн ийм хүмүүс байна. Тэдгээр хүмүүс энэ цаг үед төрийн ажилд саад учруулахгүй байж, ёс зүйтэй хандах хэрэгтэй юмсан.
Ажиглагч би улс төрийн аль нэг хүчний талд орж үүнийг бичсэнгүй. Харин болж байгаа нөхцөл байдалд бодитой хандаасай гэж зарим нэг улс төрийн “шизо”-той нөхдүүдэд уриалмаар байна.