Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин гаргаж авахыг оролдож байгаа ч түргэн хугацаанд үр дүнд хүрэхгүй нь бололтой. Одоогоор ДЭМБ-аас гадна дэлхийн томоохон биотехнологийн компаниуд вакцин гаргахаар чармайн ажиллаж байна. Тус компаниуд нь коронавирусийн халдвартай иргэдийн генийн дараалал дээр үндэслэж вирусийг зохиомлоор гаргаж авсан. Харин одоо хүний биед тохирох вакцины хувилбарыг гаргахаар оролдож байгаа аж.
Зарим био технологийн компаниуд дөрөвдүгээр сарын эхээр болон сүүлээр амьтан дээр вакцины туршилт хийх гэнэ. Гэхдээ энэ нь вакцин гаргаж авна гэсэн үг биш аж. Хамгийн аюулгүй, үр дүнтэй вакциныг гаргаж авахад дор хаяж 18 сар шаардагдах гэнэ.
Иймд ард иргэд өөрсдийгөө хамгаалах, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг байнга дагах хэрэгтэйг Эрүүл мэндийн яам санууллаа. Хэрэв халуурах, ханиалгах, суулгах, хоолой өвдөх шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.