“Apple” компани шинэ ухаалаг гар утаснуудаа борлуулахын тулд хуучин загварын утаснуудаа албаар удаашруулсан гэсэн хэрэглэгчдийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зохицуулахын тулд 500 сая ам.доллар төлөх болжээ. Тус компани шаардлага хангасан өмнөх загварын iPhone гар утасны хэрэглэгч бүрд 25 амь доллар төлөх аж. Ингэхдээ төлбөрийн нийт хэмжээ дор хаяж 310 сая доллар байх авч 500 сая доллароос хэтрэхгүй байх гэнэ. IPhone тус бүрд төлөх хэмжээ гомдол гаргасан хүний тооноос хамаарах аж. Шүүхийн баримт бичигт тэмдэглэснээр "Apple" компани нь энэхүү нэхэмжлэлийг няцааж байгаа ч шүүхийн өндөр үнэтэй үйл явцаас зайлсхийхийн тулд гомдол гарагчидтай тохиролцохоор шийдсэн байна. Гэхдээ нөхөн төлбөр олгох шийдвэр шүүхээр дэмжигдэх ёстой. Эл асуудал АНУ-д iOS 10.2.1 ба түүнээс хойших системийн iPhone 6, 6 Plus, 6s, 6s Plus ухаалаг гар утас болон SE загварын хэрэглэгчдэд хамааралтай аж. 2017 оны сүүлээс эхлэн iPhone-ийн хэдэн арван хэрэглэгчид "Apple" компанийг шинэ загварын ухаалаг утаснуудаа худалдахын тулд хуучин загваруудын гүйцэтгэлийг хязгаарласан гэж буруутган шүүхэд гомдол гаргасан юм. IPhone хэрэглэгчид болон технологийн салбарын шинжээчдийн шүүмжлэлийн улмаас "Apple" компани 2017 онд ухаалаг гар утаснуудыг гэнэт салгахаас зайлсхийхийн тулд тус компанийн програм хангамж өмнөх загваруудын гүйцэтгэлийн хүчийг хязгаарласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ. Өмнө нь тус компани төхөөрөмжийнхөө ашиглалтын хугацааг хэзээ ч санаатайгаар багасгахгүй бөгөөд эсвэл үйлчлүүлэгчдийг шинэ ухаалаг гар утас худалдаж авахуулах зорилгоор тэдний үйл ажиллагааг удаашруулахгүй гэж мэдэгдэж байжээ. Энэ долоо хоногийн эхээр "Apple" компанийн хувьцааны ханш 0,1 хувиар буурчээ.