Өнөөдөр Катарын Доха хотноо АНУ болон “Талибан” бүлэглэлийн төлөөлөгчид 19 жил үргэлжилсэн Афганистаны дайныг албан ёсоор дуусгах найрамдлын гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус хэлэлцээрт АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад болон “Талибан” бүлэглэлийн толгойлогч Мулла Абдул Гани Барадар нар гарын үсэг зуржээ. Уг баримт бичигт гарын үсэг зурах ёслолд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео байлцжээ.
Энэхүү гэрээ байгуулагдахаас өмнө АНУ, Афганистаны Засгийн газраас гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, "Талибан”-ыг үүрэг амлалтуудаа биелүүлсэн тохиолдолд АНУ Афганистан дахь цэргүүдээ бүрэн гаргана гэжээ.
Мөн үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэхдээ "Хэрэв Талибан бүлэглэл гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрвөл бид Афганистаны дайныг эцэслэж, цэргүүдээ төрсөн гэрт нь эргүүлэн авчирна. Шинэ Афганистанд энх тайван урт удаан оршин тогтнох хамгийн чухал алхам бол Афганистаны бүх ард түмэн энх тайвныг чандлан сахиж, шинэ ирээдүйгээ бүтээх явдал юм" хэмээн онцолжээ. Д.Трамп энх тайвныг цогцлоох энэхүү боломжийг алдахгүй байхыг “Талибан” болон Афганистаны Засгийн газарт ийнхүү уриалсан юм.
Талибан бүлэглэлийн хувьд АНУ-ын цэргүүд Афганистанаас гарвал Засгийн газартай тулалдахгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Харин АНУ бүх цэргээ гаргавал дээрх хоёр хүчин хоорондоо дахин дайтаж магадгүй гэж болгоомжилж байсан юм.
Тэгвэл өнөөдөр Талибан бүлэглэл "Афганистаны Засгийн газрын эсрэг дайтахгүй, мөн Исламын улс, Аль-Кайда зэрэг террорист байгууллагуудтай хамтран ажиллахгүй" хэмээн амалж, гал зогсоох гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн гэрээний дагуу АНУ бүх цэргээ 14 сарын дотор Афганистанаас бүрэн гаргахаар болж байна. Ингэснээр Афганистаны дайн албан ёсоор төгслөө гэж ойлгож болох юм.
Афганистаны дайн нь 2001 оны есдүгээр сарын 11-ны халдлагаас үүдэлтэй. Тухайн үед “Аль-Кайда” бүлэглэлийн алан хядагчид АНУ-ын иргэний нисэх онгоцуудыг барьцаалж, Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг болон Пентагоныг мөргөж, 3000 орчим иргэний аминд хүрсэн. Уг үйл явдлаас нэг сарын дараа АНУ, НАТО тэргүүтэй олон улсын цэргийн хүчин “Аль-Кайда” болон тэднийг дэмжигч Талибаны Засгийн газартай тэмцэхийн тулд Афганистанд нэвтрэн орсноор дайн эхэлсэн юм.
Олон жил үргэлжилсэн энэхүү цуст дайны улмаас Афганистаны Засгийн газрын 65 мянган цэрэг, АНУ-ын 2400 цэрэг, Талибан бүлэглэлийн 70 мянган цэрэг амь насаа алджээ. Мөн албан бус тоогоор 40 мянга орчим энгийн номхон ард иргэд амь насаа алдсан юм.