Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан, сэтгүүлч мэргэжилтэй, 30 настай Б хэмээх бүсгүй учир битүүлгээр амиа алдсан нь өчигдрөөс олны анхаарал татах болов. Тус аймгийн Есөнбулаг сумын “Хөгжил” хорооллын гадаа, автомашин дотор хүн нас барсан байна гэх дуудлага аймгийн Цагдаагийн газарт энэ сарын 19-ний 04.25 цагийн үед иржээ. Дуудлагын дагуу цагдаагийнхан очиж, хэргийн газрын үзлэг хийхэд 30 настай талийгаач Б “Приус-20” маркийн автомашиндаа ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байсан гэнэ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүр “Хоёрдугаар сарын 19-ний 04.25 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнийг ахлах мөрдөгч нь удирдан хэргийн газарт ажилласан. Говь-Алтай аймгийн эрх бүхий албан тушаалтнууд хэрэг гарсан шөнө ЗДТГ-ын байранд архидан согтуурсан байж болзошгүй нөхцөл байдал шалгалтын явцад тогтоогдсон. Хэрэв хөл хорио хязгаарласан энэ үед бөөгнөрөл үүсгэсэн нь батлагдвал холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ авна. Талийгаач Б-гийн нас барсан шалтгааныг тодруулахаар шүүхийн шинжилгээний байгууллага ажиллаж байна. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хэвлэлийнхэнд мэдээлэв.
Харин орон нутгийнхны зарим хэвлэлд өгч буй мэдээлэлд “Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр, ЗДТГ-ын дарга н.Отгонбаяр нар талийгаачтай хамт баяр тэмдэглэх нэрээр архи авчруулан ууж байгаад энэ хэрэг гарсан. Талийгаачийг зөөж машинд нь оруулсан. Ажлаа өг гэж эрх бүхий албан тушаалтнууд нь шахаж, дарамталж байсан” хэмээн хэвлэлээр мэдээлж байгаа юм.
Мөн талийгаачийн ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар “Талийгаач аймгийн Засаг даргатайгаа үл ойлголцсон байдалтай байдаг байсан. Засаг даргын зүгээс талийгаачийг дарамталдаг. Түүнийгээ ч талийгаач гэр бүлийнхэн, найз нөхдөдөө хэлдэг байсан.
Мөн зарим нэр бүхий хүн уг хэрэг явдлыг намын харьяаллаас үүдсэн байж болзошгүйг хэлж байна. Талийгаач аймагтаа залуучуудад лекц сургалт хийхдээ ажлын байрны дарамт, намчирхлын тухай ихээхэн ярьдаг байжээ.