АНУ-ын Тагнуулын Төв газар (ТТГ) Швейцарын нууц мэдээллийн шифрийг тайлдаг компаниар дамжуулан 50 гаруй жилийн турш 100 гаруй орны нууц цэргийн болон дипломат захидал харилцааг тагнан мөрдөж байжээ. Энэ тухай Tribune de Geneve сонин тус хэргийн мөрдөн шалгалтын материалыг эх сурвалжаараа дурдан мэдээлэв. Швейцарын засаг захиргааны тусгай бүс Цугт 1952 онд байгуулагдсан CryptoAG компани бусад улс орны төр засагт нууц мэдээлэл болон өгөгдлүүдийн аюулгүйн байдлыг хангах зориулалттай шифрлэлтийн төхөөрөмж олгодог байжээ. 1958 оноос хойш АНУ-ын ТТГ, дараа нь Германы Тагнуулын алба Crypto AG компанийн үйл ажиллагааг Лихтенштейн дэх “Minerva” нэртэй хуурамч компанийн нэр дор хянадаг болсон байна. Crypto AG компанийн бүтээсэн шифрлэх төхөөрөмжийг дайн үед эсвэл элчин сайдын яамд болон засгийн газар хооронд нууц мэдээлэл дамжуулахад ашигладаг байв. Харин АНУ болон Германы тагнуулын албад шифрлэлтийн аюулгүй байдлын системд тусгайлан бий болгосон "цоорхойг" ашиглан эдгээр мэдээллийг хянадаг байсан аж. Сонинд бичсэнээр бол Crypto AG компанийн үйлчилгээг Египет, Иран, Саудын Араб, Ливи, Аргентин зэрэг 130 гаруй орон авдаг байж. Тухайлбал Америкийн барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаар Ирантай хийж байсан хэлэлцээрийн үеэр, Ливээс АНУ руу хийсэн террорист халдлага, Аргентин, Их Британийн хооронд болсон Фолкландын арлуудын дайн, түүнчлэн 1989 онд Америкийн цэрэг Панам руу довтлох үеийн мэдээллүдийг дээрх хоёр улсын тагнуулын алб маш идэвхтэй тагнаж байжээ. 1993 онд Германы тагнуулын газар Crypto AG-ийг хянахаа зогсоосон бол АНУ дор хаяж 2012 он хүртэл үйл ажиллагаагаа явуулсан байна. 2018 онд Crypto AG компани хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд нэг нь зөвхөн Швейцарийн үйлчлүүлэгчдэд үйлчилж эхэлсэн бол нөгөө хэсэг нь Crypto International нэртэйгээр гадаадын хэрэглэгчдэд чиглэсэн байна. Crypto International компанийн вэбсайтад нийтэлснэр бол тус компани нь хувийн байгууллага бөгөөд Crypto AG эсвэл АНУ, Германы тагнуулын байгууллагатай ямар ч холбоогүй, харин 2018 онд Цуг дахь компанийн брэнд болон хувьцааг худалдаж авсан ажээ.