Сүүлийн өдрүүдэд шинэ коронавирусийн халдварт өвчин дэлхийн хэмжээнд эрчимтэй нэмэгдэж байна. Тус аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юунд анхаарах ёстой талаар дархлаа судлаач, доктор Д.Мандахнарантай ярилцлаа.
-Коронавирусээс урьдчилан сэргийлж, дархлаагаа дэмжихийн тулд ямар хоол хүнс хэрэглэх хэрэгтэй вэ? Нийгэмд их олон янзын ойлголт байх шиг.
-Дархлаагаа дэмжих олон энгийн арга бий. Тухайлбал, олон нэр төрлийн хүнсний ногоо хэрэглэх, спортоор хичээллэх, хувийн ариун цэврээ сайтар сахих зэргээр дархлаагаа дэмжиж болно. Хувийн ариун цэврээ хамгийн нэгдүгээрт тавих ёстой. Ариун цэврээ сайн сахиснаар дархлааны тогтолцоо хэвийн ажиллахад тусалж байгаа хэрэг юм. Хоол хүнсний хувьд жимс, ногоо, сармисыг түлхүү хэрэглэж занших ёстой. Харин бүрэн гүйцэд боловсруулаагүй хоол хүнснээс татгалзах хэрэгтэй. Монголчууд ангийн махыг түүхийгээр нь хэрэглэх сайн гэлцдэг. Гэвч энэ нь Хятадад коронавирусын халдварт өвчин гарахад нөлөөлсөн гол хүчин зүйл байсан учир үүнээс татгалзвал зохилтой. Наад зах нь бэтэг, тарваган тахал, чонын галзуу гэх мэт аюулт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
-Дархлааг эм бэлдмэлээр дэмжиж болох уу?
-Одоогоор дархлааг төгс дэмждэг эм хараахан гараагүй байна. Учир нь хүн бүрийн дархлаа харилцан адилгүй байдаг. Гэхдээ мэдээж үр дүнд хүрч байгаа эмүүд бий. Гэвч эдгээр нь 100 хувь хүний биед зохицдог гэвэл үгүй. Хүн бүрийн дархлаа цагийн зүү шиг нарийн тогтолцоотой ажиллаж байдаг учраас эм бэлдмэлүүд нь тэр тогтолцоог өөрчилчихдөг. Ингэснээр хүн янз бүрийн дархлааны өвчин тусч болзошгүй юм.
-Зарим эмч нар спортоор хичээллэвэл хүний бие ядарч, улмаар дархлаа суларна гэж ярьдаг. Харин дөнгөж сая та спортоор хичээллэх хэрэгтэй гэж зөвлөх юм.
-Дархлаагаа дэмжихийн тулд идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Гэхдээ хэт их спортоор хичээллэвэл хүн хөлсөөрөө дамжуулаад их хэмжээний хэрэгцээт эрдэс бодисоо алддаг. Ер нь бол өглөөдөө гарч гүйх, жаахан фитнесээр хичээллэхэд гэмгүй. Харин алдсан дархлаагаа нөхөхгүйгээр хичээллэвэл сөрөг талтай. Дархлаагаа нөхөх гэдгийг уургаар биш, усаар гэж ойлгох хэрэгтэй шүү. Тогтмол спортоор хичээллэдэг тамирчид спортын анагаах ухааны талаар судалбал их зүйл бий.
-Амны хаалт зүүснээр халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой эсэх дээр зарим нь эргэлзэж байна. Энэ үнэн үү?
-Амны хаалт нь бусдад халдвар тараахгүй, мөн халдвараас сэргийлэх үндсэн зориулалттай. Гэхдээ жижиг нян агуулсан дуслууд үүнийг нэвтэрч орох боломжтой. Хэдий тийм ч амны хаалтыг олон нийтийн газраар явахдаа үргэлж зүүж байх ёстой. Хүнтэй хоёр метрийн зайнаас харьцахад вирус халдварлах эрсдэл харьцангуй бага. Бүр сайн шүүлтүүртэй маскууд бас бий. Тэдгээр нь үнэтэй ч халдвараас сэргийлэх тал дээр сайн.
-Тэгэхээр амны хаалт зүүсэн байсан ч коронавурис халдах боломжтой гэсэн үг үү?
-Тийм ээ. Хоёр метрээс бага зайд харьцвал халдвар авах эрсдэл өндөр.
-Хүйтэнд тэсвэртэй, тэсвэргүй вирус гэж байдаг байх. Коронавирусийг Монголд орж ирэхгүй байгааг зарим хүн цаг уурын нөхцөл байдалтай холбож байна.
-Хэрэв хүйтэнд нян, вирус халддаггүй байсан бол Монголд томуу, томуу төст өвчин ингэж гаарахгүй байсан шүү дээ. Энэ өвчин томуутай их төстэй. Томуугийн үүсгэгч нь коронавирус. Тэгэхээр хүйтэн цаг ууртай гээд тайвширч болохгүй. Үүнд найдаж суухаар ахуйн ариун цэвэртээ анхаарах хэрэгтэй байна. Хамгийн аюултай зүйл нь энэ өвчин ахуйн ариун цэврээр дамжиж байгаа. Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн дийлэнх хүүхдүүд ариун цэвэр сахиагүйгээс болсон. Үүнд эцэг эх, асран хамгаалагчид буруутай. Яагаад Япон Улсад нянгийн өвчлөл бага байдаг вэ гэхээр япончууд маш цэвэрч хүмүүс. Цэвэрч байдлыг уламжлал болгочихсон улс. Манайд ч бас үүнийг уламжлал болгох хэрэгтэй.
-Саяхан Уханиас ирсэн 31 оюутныг ХӨСҮТ-д 21 хоног тусгаарлачихлаа. Коронавирусийн халдварын нууц үе нь хэдээс хэдэн хоног байдаг вэ?
-Одоогоор тогтоогдсон нь 2-21 хоног. Хамгийн богинодоо 2 хоногт илэрсэн бол уртдаа 20 хоногийн дараа илэрсэн. Анхны шинж тэмдэг нь халуурах, сульдах. Тус өвчин нууц үедээ бусдад халдварлах өндөр эрсдэлтэй байдаг учир сэжигтэй тохиолдол илэрвэл тэр даруйд нь тусгаарлах хэрэгтэй. Эс бөгөөс ямар том гамшиг тарихыг таашгүй.
-Коронавирусээс сэргийлэхэд Монголын төр хэр хэмжээнд ажиллаж байна гэж та дүгнэж байна вэ?
-Засгийн газар чадах бүхнээ дайчилж байгаа. Мөн Эрүүл мэндийн яамнаас хамгийн зөв мэссэжийг иргэдэд түгээж байна. Монгол Улс коронавирусээс болгоомжилж болох хамгийн дээд хэмжээндээ хүрлээ. Одоогоос 18 жилийн өмнө коронавирустэй ижил төстэй SARS хэмээх өвчин дэлхий даяар тархах үед Монголд 9 тохиолдол бүртгэгдсэн байдаг. Харин өнөөдөр нэг үеэ бодвол гадаад харилцаа, эрүүл мэндийн салбар гайгүй хөгжсөн байгаа учир өвчин орж ирсэн ч газар авахуулалгүй тогтоочихно гэж харж байна.
-Танд иргэдэд хандаж өөр хэлэх зүйл байна уу?
-Иргэдэд хандаж хоёр зүйлийг уриалмаар байна. Нэгдүгээрт, иргэд хувийн ухамсар, ахуйн ариун цэврээ дээшлүүлмээр байна. Өнгөрсөн долоо хоногт гудамжаар хүн бүр амны хаалт зүүсэн харагдсан. Гэтэл энэ долоо хоногт юу ч болоогүй юм шиг амны хаалт зүүдэг хүн цөөрчихлөө. Тиймээс амны хаалтаа үргэлж зүүж байхыг уриалж байна.
Хоёрдугаарт, иргэд цахим орчинд байгаа худал ташаа мэдээлэлд хэт их автаж байна. Иймд мэдээллийн эх сурвалжаа сайтар нягтлахыг уриалж байна. Хамгийн бодитой мэдээллийг Эрүүл мэндийн яам өгч байгаа.
Хэзээ нэг өдөр дэлхийн хэмжээнд энэ аюулт өвчин дарагдахад бид түүнээс суралцсан зүйлтэй үлдэх хэрэгтэй. Ариун цэврээ сайн сахиж, гудамжинд шүлсээ хаяхгүй байхыг суралцаад үлдчихвэл энэ нь том амжилт юм.