Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Хурх, Хүйтэний байгалийн нөөц газрын захиргааныхан орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран Хэнтий аймгийн Биндэр сумд жил бүр Тогорууны баяр зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жилийн арга хэмжээг зургаадугаар сарын 13-нд хийхээр товложээ.
Дэлхий дахинд 15 зүйл тогоруу байдгийн зургаа нь Монголд бий. Тодруулбал, хархираа, өвөгт, хар, цагаан, цэн, алаг тогоруу манай орны гол, нуур, ус намгархаг газарт нутагладаг. Эдгээрээс хамгийн өргөн тархсан нь өвөгт бол нэн ховор нь цэн тогоруу. Биндэр сумын Цагаан нуурын хөвөөнд зохион байгуулдаг Тогорууны баяр нь манайд төдийгүй дэлхий дахинд нэн ховордсон цэн тогорууг сурталчлан таниулах, хамгаалах зорилготой билээ. Биндэр сумд хамгийн олон зүйлийн тогорууг нэг дороос харах боломжтой учраас биологич, шувуу ажиглагч, судлаачид жил бүрийн энэ үед тус нутгийг зорьж, нүд, сэтгэлээ баясгадаг. Эл арга хэмжээний хөтөлбөрийг зохион байгуулагчид нь тун удахгүй танилцуулах аж.