“Японы олон улсын Манга шагнал”-ын тэмцээнийг 2007 онд анх зохион байгуулснаас хойш гадаадын улс орнуудад манга соёлыг түгээн дэлгэрүүлэх, энэхүү төрлөөр дамжуулан соёлын харилцааг хөгжүүлэх зорилгын үүднээс жил бүр уламжлал болгон шалгаруулсаар ирсэн.
Тэмцээнд оролцсон бүтээлүүд дундаас хамгийн шилдэг нэг бүтээлд алт, удаах шилдэг гуравт нь мөнгө, сонгогдсон 11 бүтээлд хүрэл медаль гардуулдаг энэхүү шалгаруулалтын бүртгэл эхэлсэн тул монгол зураач, уран бүтээлчдийг идэвхтэй оролцохыг Японы Элчин сайдын яамнаас уриалжээ. Найм дахь удаагийн олон улсын Манга шагналын алтан медалийг Монгол Улсын Соёлын элч, комикс номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр “Бумбардай” бүтээлээрээ хүртсэн билээ.
Ташрамд дурдахад, зохион байгуулагчдын зүгээс алт, мөнгөн медаль хүртсэн уран бүтээлчдэд дагалдах урамшуулал болгож, шагнал гардуулах ёслолын үеэр Японд долоо хоног аялах эрх олгодог юм.
Л.НЯМ