“Инвескор” санхүүгийн групп Лондоны хөрөнгийн бирж (LSE)-д бүртгүүлснээ өчигдөр албан ёсоор зарлав. Европын хамгийн анхны, дэлхийн үнэт цаасны зах зээлд нэр хүндтэйд тооцогддог тус хөрөнгийн биржид Монголоос өмнө нь уул уурхайн компани бүртгүүлж байсан бол санхүүгийн байгууллагуудаас “Инвескор” анхдагч нь болжээ. Лондоны хөрөнгийн бирж бүртгүүлэх хүсэлт гаргасан компаниудын засаглал, менежментийн тогтолцоо, санхүүгийн тогтвортой байдал, эрсдэлийн түвшин, хууль, эрх зүйн нийцэл зэргийг нь харгалздаг бөгөөд гадаадын аж ахуйн нэгжүүдэд Британийн Санхүүгийн зохицуулах газраас зөвшөөрөл авсан байх шаардлагыг нэмэлтээр тавьдаг гэнэ. Дээрх компани эл шалгууруудыг хангаснаар олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, томоохон хэмжээний санхүүжилт босгож, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нээжээ. Тус бирж нь өндөр шалгуур, нарийн зохицуулалттай учир бүртгүүлсэн компаниудынх нь ил тод байдал, санхүүгийн сахилга бат эрс сайжирч, олон улс дахь нэр хүнд нь өсдөг гэдгийг ч эдийн засагчид эл үйл явдалтай холбогдуулан онцлов. Ташрамд дурдахад, “Инвескор” нь 2016 онд байгуулагдсан бөгөөд өдгөө найман улс дахь 14 компаниар дамжуулан Монголоос олон улсын зах зээлд санхүү, технологийн экспорт хийж байгаа аж.
Ж.Сувд