“Ядраад байна, нойргүй болчихлоо. Архаг ядаргаанд юу сайн бэ” гэх асуултад өрхийн эмч, хувийн эмнэлгийнхэн, эмийн санч нар ихэвчлэн аминокомплекс санал болгодог. Архаг ядаргаанд зургаан сард нэг удаа, дархлаа дэмжих зорилгоор жил бүр хийлгэхэд сайн гэж зөвлөдөг. Гэтэл иргэдийн өргөн хэрэглэх болсон энэхүү аминхүчлийн нэгдэл нь эмд мэдрэг, харшилтай хүмүүст гаж нөлөө үзүүлээд зогсохгүй аминд нь хүртэл аюултай болохыг клиникийн профессор, эмнэл зүйн эм судлаач Ш.Энхтуяа сэрэмжлүүллээ. Тэрбээр эрүүл мэндийн салбарт 45, үүний дотор эм зүйн салбарт 33 жил тасралтгүй ажиллажээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 1986-2012 онд эмийн гаж нөлөөний болон түүнтэй холбоотой бусад судалгааг хийдэг байж. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг ЭМЯ-ны тасаг нэгж байхаас эхлээд агентлаг болсон хойно нь буюу өнгөрсөн он хүртэл Эмийн салбар зөвлөлд нь ажиллахдаа эмийн магадлан итгэмжлэлийн, бүртгэлийн шинжээч, “Эмийн мэдээлэл” сэтгүүлийн редакцын гишүүн, эмийн заавар, шошгын орчуулга, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, реклам, сурталчилгааг хянах гэх мэт салбарын бүх л ажлыг гүйцэтгэж байсан аж. Түүнтэй аминдэм, эрдэс бодис, бусад бэлдмэлийн зохистой хэрэглээний талаар ярилцсанаа хүргэе.
-Ер нь хүний бодисын солилцоо хэрхэн явагддагийг манай уншигчдад энгийнээр тайлбарлаж өгөөч.
-Хүний бодисын солилцоо гурван хэлбэрээр явагддаг. Нэгдүгээрт нь, уургийн, дараа нь нүүрс усны, сүүлийнх нь өөх тосны солилцоо. Жишээ нь, өөх тосны тэнцвэр алдагдвал хүн таргална. Нүүрс усных алдагдвал чихрийн шижин тусна. Уургийн нийлэгжилт багасвал тулай өвчинд нэрвэгддэг. Тэгэхээр уураг, өөх тос, нүүрс ус хүний биед хэрэгтэй байх нь. Эдгээрийг хүний биеийн макро хүнс гэж нэрлэдэг. Зохист хэмжээнд хэрэглэхгүй бол маш аюултай. Харин микро хоол гэдэгт нь бидний сайн мэдэх натри, кали, магни, хлор зэрэг эрдэс бодис, A, В, С, К, Е, D тэргүүтэй аминдэм ордог. Нэмэлтээр мөн л бага хэмжээгээр авбал зохино. Өөрөөр хэлбэл, макро, микро хүнсний дотор хүний бие байгалиасаа нийлэгжүүлдэггүй эрдэс, аминдэм гэж бий. D аминдэмийг нар хамгийн өндөрт хөөрч, тэгширсэн үед хүн нарнаас авах боломжтой. Гэвч манай оронд нар 45 хэмийн ташуу тусдаг учраас зуны хэдхэн хоногт л ийм нөөц буй болдог. Энэ тохиолдолд бол бид D аминдэмийг нэмэлтээр уух нь зөв. Гэвч манайхан бүх төрлийн аминдэм, эрдэс бодис, аминхүчлийг эмчийн зааваргүйгээр, дур зоргоороо хэрэглэх явдал гаарсан. Эмч, эм зүйч нар антибиотикийн зохисгүй хэрэглээ, гаж нөлөөний тухай л ярихаас биш, биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийн талаар огт сэрэмжлүүлэхгүй байна. ДЭМБ-аас аминдэм, эрдэс бодисыг нэн түрүүнд хоол, хүнсээр авахыг, боломжгүй бол уулгахыг, эцсийн шатанд тарихыг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл, судсаар аминдэм, янз бүрийн дуслын бэлдмэл тарихаас аль болох татгалзаж байна.
-Хүмүүсийн өргөн хэрэглэдэг аминокомплексийг ямар тохиолдолд хийлгэх заалттай байдаг юм бэ?
-Хүний биеийн уураг нь аминхүчлүүдээс тогтдог. Тэгвэл аминокомплексийн найрлагад Л хэлбэрийн есөн төрлийн орлуулшгүй, бусад орлуулдаг аминхүчил байдаг. Орлуулшгүй гэдэг нь хүний бие үйлдвэрлэдэггүй тул тэдгээрийг нэмэлтээр, шаардлагатай үед хэрэглэдэг гэсэн үг. Тодруулбал, зах зээлд борлуулж буй аминокомплексийг судсаар тарьсны дараа элэг түүний тусламжтайгаар биед хэрэгцээт уураг үйлдвэрлэдэг юм. Өөрөөр хэлбэл, аминхүчлүүд нь уургийг бүтээдэг хөрөнгө, барилгаар бол тоосго нь. Хүнд хэрэгтэй, эмнэлэгт заавал байх ёстой эмийн бүтээгдэхүүн мөн. Гэхдээ ямар хүнд хэрэглэх заалттай вэ гэхээр өөрийнхөө уургийг үйлдвэрлэх чадваргүй болсон, элэгний архаг үрэвсэлтэй, уургийн дутагдалд орчихсон өвчтөнүүдэд л нэн хэрэгцээт нэгдэл юм. Мөн уураг алдаж буй, бөөрний архаг өвчтэй, цаашлаад хүнд өвчний эцсийн шатанд аминхүчлүүдийг нэмэлтээр тарьдаг. Түүнээс биш “Ядраад байна” гээд дураараа хийлгэдэг тариа биш.
-Иргэд аминхүчлийн нэгдлийг архаг ядаргааг тайлдаг, дархлаа сайн дэмждэг гээд хэрэглээд байдаг нь буруу юм байна шүү дээ.
-Маш буруу. Тэгвэл ядаргаа гэж юу вэ. Энгийнээр энэ нь биеийн эрчим хүч алдагдаж, энергийн дутагдалд орохыг л хэлж буй юм. Хүн энергиэ хэрхэн, яаж алддаг вэ гэхээр нэн түрүүнд бид амьд буюу цэвэр агаараар амьсгалахгүй байна. Агаар ийм бохир байгаа цагт хэзээ ч байгалиас органикаар энергиэ нөхөж чадахгүй. Түүнчлэн ундны ус бохир хоолойгоор “ирдэг”. Өөрсдөө усаа зөв зохистой хадгалж, хэрэглэдэггүй. Гуравдугаарт, монголчууд эрүүл, зөв хооллож сураагүй. Наад зах нь, хийсэн хоолоо таван цагийн дотор идэх ёстой. Гэтэл сүлжээ дэлгүүрүүд, зоогийн газар, рестораны хоол ихэвчлэн хоносон, хийснээс хойш өчнөөн цаг хадгалсан байдаг учраас хүний биед хэрэгцээт аминдэм болж чаддаггүй. Уг нь нойр хүний аминдэм, энерги, эрчмийг хамгийн их нөхдөг зүйл. Гэвч их хотын иргэд чанартай нойр авч чаддаг бил үү. Нэмээд хүний эрчмийг маш ихээр сордог зүйл бол стресс. Энэ бүхнээс болж хүн архаг ядаргаанд ордог. Гэхдээ ингэлээ гээд дур мэдэн дусал, тариа хийлгээд байж болдоггүй. Энергийн дутагдал, архаг ядаргааг нөхөхийн тулд бидэнд амралт л хэрэгтэй. Зөв хооллох, хангалттай унтаж амрах, цэвэр агаарт гарах, тэр битгий хэл, цэвэр усаар ч энергиэ нөхөж болдог.
-Гэвч аминхүчлийн хэрэглээ улам л ихсэх хандлагатай байна. Эмч, эм зүйч нарт юу гэж зөвлөх вэ?
-Би Болгарт хоёр жил сурч, ирээд л аль эртнээс эм, тарианаас татгалздаг болсон. Арга ядвал натри, С аминдэмийн комплекс хийлгэдэг. Энэ тухайгаа ч шавь нартаа зааж сургасаар ирсэн. Гэтэл орчин цагт аминдэм, аминхүчлийн хэрэглээ маш их болжээ. Яг үнэндээ эмч нар, тэр дундаа хувийн эмнэлгийнхэн ядарлаа, нойргүйдлээ, сульдлаа гэсэн хүн бүрд аминокомплекс санал болгож байна. Үүнийг ядаргаа тайлдаг гэж худал ухуулга хийсний улмаас хүний амь хохирсон тохиолдол ч цөөнгүй гарсан. Эм, бэлдмэлээ худалдан борлуулахын тулд иргэдийг хуурч байгаа нь хамгийн буруу. Хүн өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалдаг, аливаа эрсдэлээс сэргийлдэг байгаасай гэсэндээ би энэ талаар ярьж буй юм.
Гадаадын улс орнуудад иргэд нь судсаар тариа хийлгэхийг чухалчилдаггүй. Үйлчлүүлэгчид ганц антибиотик тарихын тулд эмч нь бараг хоёр цаг орчим тайлбарлах шаардлагатай болдог. Яагаад надад энэ тариаг хийх болов, ямар ач холбогдолтой, гаж нөлөө нь юу вэ, өвчний шинж тэмдэг илэрвэл хаана хандах ёстойг ярилцаж тохиролцсоны дараа эмчид үйлчлүүлэгчийнхээ судсыг хатгах эрх олддог. Гэтэл манайд иргэд нь нэг нэгэндээ элдэв янзын дусал хийдэг. Эмнэлэгт хэвтсэн хэд нь тариа, дусал хийж өгөхгүй л бол хамгийн муу эмчилгээтэйд тооцдог. Америк, европчууд баян тансагтаа дээр хэлсэнчлэн өндөр шаардлага тавьдаггүй. Тэд эмийн гаж нөлөөний талаар судалдаг, өөрсдөө тийм аюулыг туулсан учраас л амиа хамгаалж, хайрлаж мэддэг.
-Хохирсон иргэд цөөнгүй байдаг тухай та хэллээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Саяхан, эрүүл чийрэг, спортын олон төрлөөр хичээллэдэг байсан нэгэн залуу аминокомплекс хийлгээд нас барчихлаа. Ажлын нөхцөлөөсөө болоод ядаргаанд ороод эмнэлэгт хандсан юм билээ. Тэгтэл эмч нар түүнд уг бэлдмэлийг санал болгож, хийгээд удалгүй гаж нөлөө илэрч, анафилаксийн шокоор эндсэн байна. Халдвар, хордлогын шокийн улмаас эхлээд бөөр нь ажиллахаа больж, улмаар диализ эмчилгээний дараа элэг нь задарч, амьсгал нь зогссон. Ерөнхийдөө цусан үжил болсон байгаа юм. Хүний цусан дахь цагаан эсийн дотор төрөл бүрийн сэргийлэгч, мэдрэгч, мэдээллийг хадгалагч, устгагч буюу алуурчин эс хүртэл байдаг. Гаднаас ямар нэгэн тохирохгүй зүйл биед нэвтэрмэгц мэдээлэл хадгалагч эс түүнийг ой санамждаа хадгалдаг. Энэ кэйсийн тухайд өмнө нь хийлгэж байхад ямар нэгэн зовуурь илрээгүй юм чинь цаашид ч зүгээр гэж ойлгож болохгүй нь. Зарим хүн биедээ тохирохгүй эм, тариаг ой санамждаа хадгалаад л байдаг. Ийм хүнийг хэт мэдрэг гэж нэрлэдэг. Та бүхэн сонсож л байсан биз. Эм, тарианд мэдрэг, харшламтгай хүмүүст гаж нөлөө илрэх нь олонтоо. Өөрөөр хэлбэл, биед дахиад хэрэгцээгүй, тохирохгүй зүйл ороод ирэхээр мэдээлэгч эс бусдадаа мэдээлэл дамжуулж, бие организмд хүчтэй хариу урвал явагддаг. Яг энэ үед хамгаалах, эдгээх, мэдээлэл дамжуулдаг эсүүд хамгаалалтын шингэнийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлмэгц судас тэлнэ. Судсан дахь шингэн ихсэхээр бүх цусаа бие рүүгээ юүлж эхэлдэг. Үүнийг л анафилаксийн шок гэж нэрлээд буй юм. Би өмнө нь ийм шалтгаанаар нас барсан хүнд задлан шинжилгээ хийхэд оролцож байсан. Гаднах болон дотор эрхтэн нь цоохор, зүрхэнд нь дусал ч цус үлддэггүй. Энэ үед авах арга хэмжээ бол адреналин буюу эпинефрин тариаг 0.1 мл-ээр хувцасны гаднаас ч хамаагүй зоож, тарьдаг. Эмнэлгийн тусламж иртэл яг ийм давтамжтайгаар 2-3 удаа тарьж болдог. Дараа нь эмч өвчтөнд зохих тунгаар, судсаар тарих заалттай байдаг. Гадаадад эмд хэт мэдрэг, харшилтай хүмүүс адреналин агуулсан 0.1 мл-ийн үзэгтэй явдаг. Шоконд орлоо гэхэд өөртөө, эсвэл хэн нэгэн нь хийж өгдөг.
Түүнчлэн аминхүчлийн нэгдэл нь хадгалалтын горим алдагдах төдийд нян үржих хамгийн таатай тэжээлт орчин болдог. Энэ бол цусан үжил болгож, шууд үхэлд хүргэх аюултай. Эмнэлгээс гарахынхаа өмнө гэрээсээ авчруулсан дуслыг залгуулаад төд удалгүй хариу урвал өгч, газар дээрээ нас барсан тохиолдол ч гарч л байсан. Найз охин нь залуудаа, охин нь аавдаа дусал хийгээд амь хохирсон гашуун жишээ ч бий.
-Монголчууд яагаад эм, тариа, дусал хийлгэх дуртай болчихсон юм бол?
-Өмнө нь дурдсанчлан дуслын бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ хавтгайрсан. Рингерийг хүртэл шок, даралт унах, түлэгдэх, хөлдөх, бөөлжиж, суулгах, хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл, түгжрэлийн үед хэрэглэх заалттай байдаг. Ерөнхийдөө эрүүл чийрэг, монгол мах, хоолоо идэж буй хүмүүс уургийн дутагдалд орно гэж бараг байдаггүй. Эмч, сувилагч нар ч үүнийг анхааруулж, хэлэх хэрэгтэй. Спортынхон, ялангуяа бодибилдингийн тамирчид аминокомплексийг дархлаа дэмждэг, булчингийн масс нэмэгдүүлдэг гээд их хийлгэдэг бололтой. Дахиад хэлье, ядаргаа тайлдаг эм, дусал гэж байдаггүй. Монголчууд эртнээсээ эмийн зохисгүй хэрэглээтэй байсан. Тухайлбал, 1920-1930 онд монголчууд тэмбүүгийн эсрэг хэрэглэдэг улаан тариаг ядаргаанд сайн гэж их хийлгэдэг байсан юм билээ. Дараа нь глюкозын “моод” дэлгэрсэн. Юунд сайныг нь ч мэддэггүй хүмүүс хүртэл их хийлгэдэг байж. Тун удалгүй сийвэн буюу плазма их тариулах болсон. Эдгээр нь эрдэс бодис л доо. Метрогил, титрациклинийг ч их хэрэглэдэг байлаа. Хөх шүдтэй хүмүүс байдаг даа, энэ бол титрациклиний гаж нөлөө шүү дээ. Харин өнөө цагт дуслын “моод” ид дэлгэрээд байна. Ямар ч хэрэгцээгүй зүйлийн төлөө амиа алдвал хайран биз дээ. Гэвч манайхан үүнийг ухамсарлахгүй юм. Эмч нарт олон удаа хатгуулж л байвал сайн гэдэг үзэл хандлагаасаа салах цаг болсон. ДЭМБ-аас “Эмч танд гурван эм өгвөл сайн, хоёр эмээр эдгээвэл маш сайн. Ганцхан эмээр илаарьшуулбал туйлын сайн” гэж зөвлөдөг. Өвчтөнд аль болох оносон аргаар, цөөн эмээр эмчилгээ хийхийг хэлж буй хэрэг. Намайг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж байхад буюу 2012 онд эмнэлэгт хэвтэх хугацаан дахь нэг өвчтөний хэрэглэж буй эмийн нэр, төрөл 7.9 байлаа. Одоо ч нэмэгдэнэ үү л гэхээс буурах шинжгүй. Харин бүсийн хөгжиж буй орнуудад эл үзүүлэлт 7.1, олон улсад дөрөв байсан юм.