Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 37 дугаар захирамжаар байгуулагдсан “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан Гадаад харилцааны яаманд болов. Хуралдааныг Гадаад харилцааны сайд, Зөвлөлийн дарга Д.Цогтбаатар удирдан явуулав.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 278 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол экспорт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэмжихэд салбар хоорондын уялдааг хангаж ажиллахад зөвлөлийн гол үүрэг чиглэгдэнэ. Зөвлөлийн даргаар Гадаад харилцааны сайд, дэд даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд ажиллах юм.
Зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар зэрэг экспортын бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, зохицууулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Торгоны зам сан зэрэг бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг, төлөөлдөг төрийн бус байгууллагуудын төлөөлөл багтаж байна.
Анхдугаар хуралдаанаар Зөвлөлийн үйл ажиллагааны журам, “Монгол экспорт хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, Экспортын бодлогын санал, Ямааны ноолуурын үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтын тухай, “Олон улсын худалдааны төв”-өөс хэрэгжүүлсэн “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураглал” төслийн үр дүн, цаашид авах арга хэмжээний тухай болон Мах, махан бүтээгдэхүүний олон улсын форум зохион байгуулах санал зэрэг асуудлыг хэлэлцэж, хуралдаанаас тогтоол гаргахаар шийдвэрлэв.
Зөвлөлийн үйл ажиллагааны журамд зааснаар зөвлөл тодорхой салбар хариуцсан дэд хороотой ажиллахаас гадна, улирал тутамд нэгээс доошгүй удаа хуралдаж экспорт түүний дотор уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхтэй холбогдох асуудлыг хэлэлцэж, шийдвэр, зөвлөмж гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллах юм.