Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутгийн дээд хэмжээний бага хуралд оролцохын сацуу Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартог өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр сайд нар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, усны аж ахуй зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга замын талаар болон бүс нутаг, олон улсын өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Мөн сайд нар Унгар Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих Биокомбинатыг шинэчлэх төслийн явцын талаар ярилцаж, төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа нотлов. Сайд П.Сияяарто Унгарын ЭКСИМ банк хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улсад зориулан 47 сая ам.долларын зээлийн шугам нээснийг мэдээлэв.
Сайд Д.Цогтбаатар Унгар Улсын Засгийн газар Европын орнууд дотроос Монголын оюутнуудад хамгийн их тэтгэлэг олгож буйд талархал илэрхийлэв. Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр манай 200 оюутан хөдөө аж ахуй, нийгмийн ухаан, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, хууль эрх зүй, эдийн засаг, анагаах ухаан, сурган хүмүүжүүлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан, соёл, урлагийн чиглэлээр суралцаж байна.
Айлчлалын хүрээнд сайд П.Сияяарто Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Монгол-Унгарын Парламентийн бүлгийн дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нартай тус тус уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар санал солилцов.