Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд, Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Мукхиса Китуйтэй уулзав. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцсоны мөрөөр хийгдсэн ажлуудын талаар санал солилцож, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн асуудлаар ярилцав.
Ерөнхий нарийн бичгийн дарга Мукхиса Китуй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас Монгол Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагааг тууштай дэмжихээ илэрхийлэв. Чингэхдээ Монгол Улсад дамжин өнгөрөх тээвэр, чөлөөт бүсийг хөгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах арга туршлагыг нэмэгдүүлэх, ногоон экспорт, био худалдааг дэмжих, хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх зэргээр хамтран ажиллахаар болов.