УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. ЭНэ үеэр Ж.Мөнхбат гишүүн үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр "Сүүлийн гурван долоо хоног дараалан Монголын төр, өнөөдөр эрх барьж байгаа МАН 2016 оны сонгуулиар ард түмнээс 65 суудлын итгэл авсан хүчин төр барих чадамжгүй болсон гэдгээ харуулж байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг нэр бүхий гишүүд хөндсөн. Энэ бол зарчмын асуудал байсан. ЖДҮ-н асуудал, сайд нарын хууль зөрчсөн хэрэгтэй холбоотой асуудлууд явсан ч танхимыг огцруулах асуудал дууссан, цэг тавигдсан. Одоо үүнээс хойш Монголын төр ажлаа хийж явах ёстой. Өнөөдөр өглөө 09.00 цагаас ажилдаа ирээд сууж байгаа гишүүдийн буруу юу. Засгийн газрын нэг гишүүн нь байхгүй, ЖДҮ, хөдөө аж ахуй, газар тариалан, монголын ард түмний эдийн засаг, орлоготой холбоотой салбарынх нь сайдыг томилоод өгье гэсэн УИХ-ын гишүүдийн буруу юу. Засгийн газрын гишүүнээ томилуулахгүй, оруулж ирж байгаа алтны хөтөлбөрөө их хурлаар хэлэлцүүлэхгүйгээр сайд нар нь картаа сугалаад гарч байна. Энэ нь эцсийн дүндээ эх баригч нам бүрэн удирдаж чадахгүй байна гэсэн ганц дүгнэлт гарч байна. Иймд чадамжгүй болсон Засгийн газар огцрох ёстой, УИХ-ыг тараая. Хуулийг сахин биелүүлэх учиртай Хууль зүйн сайд нь хүртэл картаа сугалаад гарч явлаа. Монгол Улсын Үндсэн хуулиар нутаг дэвсгэр дээр хуулиа биелүүлэх үүрэгтэй байгууллага бол Засгийн газар байж яаж ард түмнээсээ хуулиа биелүүл гэж хэлж чадах юм бэ. Иймээс ард түмнээрээ л дүнгээ тавиулъя даа" гэлээ.