УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Ж.Мөнхбат гишүүн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Монголын төр эмгэнэлт жүжиг рүүгээ орлоо. Өнөөдөр өвөл болж, цас унаж, цасан шуурга тавьж, малчид тариаланчдын амьдрал хүндэрч байгаа шүү дээ. Сайд нь огцорсноос болж энэ салбар эзэнгүй яваа. МАН-ын удирдах зөвлөл болон Байнгын хороодын хуралдаанд Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар тавихыг 100 хувь дэмжсээр ирсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын бүлэг дээр орж ирээд “Нэг том салбар маань эзэнгүйрчлээ. ХХААХҮЯ-ыг маш хурдан эзэнтэй болгоч өгөөч” гэж хэлсэн. Гэтэл УИХ энэ асуудлыг хэлэлцүүлэхгүй байсаар гурван долоо хоног сунжрууллаа. Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд нь чуулгандаа суусангүй. Сая Д.Сумъяабазар, Г.Занданшатар сайд нар картаа хийхгүй байсаар байгаад гараад явлаа. Одоо Х.Баделхан сайд чуулганд сууж байгаа хэрнээ мөн л картаа хийгээгүй. Зөвхөн Ц.Нямдорж, Ц,Цогзолмаа сайд хоёр л чуулгандаа суулаа. Засгийн газрын гишүүд санаатайгаар УИХ-ын үйл ажиллагааг бойкотолж байгаа юм байна. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газарт Монголын ард түмний амин чухал салбар болсон ХХААХҮ-ийн салбарын зовлон, жаргал огт хамаагүй болчихсон юм байна. Тиймээс би энэ Засгийн газартай хариуцлага тооцох хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Та бүхэн үнэхээр л шударга ёсны төлөө явж байгаа юм бол миний саналыг дэмжээч, бүгдээрээ ард түмнээрээ дүнгээ тавиулъя. Сая ЗГХЭГ-ын дарга нь орж ирчихээд гараад яваад өглөө. Хөдөөгийн малчид, тариаланчид, эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа жижиг дунд бизнесийнхэн, үйлдвэрлэгчдийг Монгол Улсын Засгийн газар, эрх баригч нам доромжлох ёсгүй. Чухал амин салбарынх нь сайдыг томилоод өгье гээд өглөөнөөс хойш 40 гишүүн чуулганы танхимд суугаад хүлээгээд байхад Ерөнхий сайд нь, сайдууд нь орж ирэхгүй байх юм" гэлээ.