УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэг их хурлын даргыг огцруулах эсэх асуудал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 24.2-т УИХ-ын дарга болон дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж огцруулж болно гэж заасан. Үндэслэл нь:
- Нас барсан тохиолдолд,
- Өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан,
- Хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан,
- Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан,
- Гэмт хэрэг үйлдсэн болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдэх тогтоолоор батлагдсан тохиолдолд гэсэн таван үндэслэл бий.
Монгол Улсын Үндсэн хуульд болон УИХ-ын тухай хуульд УИХ-ын даргын бүрэн эрхт хугацаа дөрвөн жил байна гэж заасан учраас дээрх таван үндэслэлээс бусад зүйлээр УИХ-ын даргыг огцруулах асуудал ярих нь хууль бус юм. Хэрэв өөр байдлаар огцруулах асуудал яривал Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж байна гэсэн үг. Мөн төрийн эрхийг авахыг санаархаж байна гэж үзэх үндэслэл болно. Энэ асуудал УИХ-ын өмнөх дарга буюу З.Энхболдын үед яригдсан юм билээ. Энэ үеэр Ардчилсан намын гишүүд “Дээрх таван үндэслэлээс өөрөөр УИХ-ын даргыг огцруулах боломжгүй юм байна. Хэрэв өөр асуудал гаргаж ирвэл бид өөрөө хууль зөрчсөн хэрэгт орох юм байна” гээд больж байсан түүхтэй.
Ер нь, улстөрчид хуульд захирагдаж ажиллах хэрэгтэй. Үгүй бол нийгэмд сөрөг үр дагаврууд гарч ирэх магадлалтай” гэлээ.