Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн зөвшилцөх асуудлын талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гуравдагч хөрш болон бусад оронтой уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж, худалдаа, эдийн засгийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгнө гэж заасан. Энэ зорилтын хүрээнд Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээх асуудлыг хэлэлцүүлж байна. Монгол Улсын хувьд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс орнуудтай, түүний дотор тус бүс нутаг дахь манай түнш орны нэг Ази Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болсон Беларусь улстай харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх шаардлагатай байгаагаа дурдлаа.
Мөн түүний дотор манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Беларусь Улсад Элчин сайдын яамтай болсноор дээрх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, хил, гааль, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, манай улсын экспорт, импортын барааны эргэлтийг сайжруулах, тээвэр, логистикийн төслийг хэрэгжүүлэх, Брестийн боомтоор дамжин манай улсад ирж буй ачаа, тээврийн үнэ, тарифийг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдэнэ. Беларусь Улс дахь Элчин сайдын яамыг 3 хүний орон тоотой байгуулахаар төлөвлөж, зардлыг нь тооцсон бөгөөд 2019 оны төсвийн төсөлд тусгасан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, О.Баасанхүү, А.Ундраа нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, 2019 оны улсын төсвийг 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Беларусь улс дотоодын худалдаа, экспортоо дэмжиж байгаа бол манай улсын хувьд импортоос гадна ямар бүтээгдэхүүн экспортлохын тулд эдийн засаг хүнд үед Элчин сайдын яам нээх шаардлагатай болсныг тодруулав. Мөн Элчин сайдын яам нээхэд 2019 оны төсөвт хэдэн төгрөг төсөвлөгдсөнийг лавлалаа.
Беларусь улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бидэн маш их боломж байна. Тухайлбал, тус улстай хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах боломж байгаа бөгөөд тодорхой зээлийн асуудал ч яригдаж байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хариултдаа онцлов. Мөн тэрбээр, Беларусь хүнс, хөдөө аж ахуйн салбарт ОХУ-тай хамгийн амжилттайгаар экспорт хийж байгаа орон. Тиймээс энэ салбарт тус улсын дэвшилттэй техник, технологийн нэвтрүүлэх боломж байгаагаас гадна тус улс санхүүгийн эх үүсвэрээ өөрсдөө гаргаад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг ч ярьсан. Худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн чиглэл дээр хамтарч ажиллах бүрэн боломж байгаа учраас гурван хүний орон тоотой Элчин сайдын яамыг нээхээр төлөвлөж, 900 сая төгрөгийг төсөвт суулгасан гэж салбарын сайд хариулав.
Ингээд Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай асуудлыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.9 хувь нь дэмжсэн.
Дараа нь Гадаад харилцааны тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэв. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ахалж, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, А.Ундраа, Л.Болд, Н.Оюундарь нар ажиллахаар болов.