C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орсон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, 25 дугаар суваг телевизийн "Ам нээвэл" ярилцлагын нэвтрүүлэгт орсон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын хэлсэн онцлох үгнүүдийг түүвэрлэн хүргэж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
- Монголын парламентад хоёр жил ажиллахдаа парламентаас дээшээ эрх байдгийг л сайн ойлгож авсан.
- Парламентын гишүүд бүрэн эрхтэй гэдэг ч үнэн хэрэг дээрээ ямар аймхай болохыг харлаа. Б.Хурцын томилгоогоор ч анзаарагдсан.
- Би УИХ-ын дарга М.Энхболдыг шүүмжилдэг байсан. Учир нь Төрийн гурван өндөрлөгт нэг хүн гарахыг хүсээгүй юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд “тоглоомын” Ерөнхий сайдыг томилоод, УИХ-ын даргын суудлыг Д.Хаянхярваа гэдэг хүнд өгч Төрийн гурван өндөрлөгийг нэг хүний гарт оруулахыг санаархсан.
- УИХ-ын дарга өөрөө хурлаа орхиж гарчихаад, орой орж ирээд чуулганыг ганцаараа хааж алхаа товшиж байгаа бичлэг бол үнэн.
- Хууль хяналтын байгууллага М.Энхболд даргад ёсзүйгүй, хуулиас дээгүүр үнэнч байгаа нь өнөөдрийн системийн хамгийн том завхрал юм.
- Ер нь улс төрийн хэргүүд шүүх дээр очиж шийдэгдэхгүй байгаа. Үүнд гурван төрлийн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, улс төрийн зорилгоор баривчилгаа явагдаж байгаа нь нотлогдлоо. Хоёрдугаарт, шүүхийн шатан дээр заргалдаж байгаа хүмүүс нь бууж өгч байна /хэрэг бүртгэлийн хэрэг хаах саналтай/.
- Жил бүрийн шинэ жилийн баяраар Сингапур улсад хууль хяналтын байгууллагын удирдлагууд, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой компанийн удирдлагууд болон нөлөө бүхий улстөрчид уулзалддаг. Энэ үеэр хууль хяналтынхны томилгоо, янз бүрийн тохироо болдог. Өөрөөр хэлбэл, ирэх жилийнхээ төлөвлөгөөг хэлэлцдэг. Хамгийн гол нь ойрын 20 жилд сонгогдох бүх ерөнхий сайд, ерөнхийлөгчийг урьдаас томилж, гурав дахь хүчнийг байгуулсан байдаг юм аа.
- Ёс суртахуунгүй үнэнч байдал гэдгийг хамгийн их нотолж байгаа хүн бол АТГ-ын дарга Энхжаргал юм.
- Энэ Засгийн газрыг хамгаалахын тулд би Засгийн газрын гишүүн болохгүй гэж хэлж байсан.
- УИХ-ын дарга М.Энхболд хэд хоногоос эмчилгээний шугамаар гадагшаа явна гэж дуулдсан. Хил даван зугтаж байна гэсэн үг л дээ.
- 2020 онд сонгогдох дараагийн парламент жинхэнэ холимог хуурга болох төлөвтэй. Ингээд МАНАН-гийн бүлэглэл хэнд ч дийлдэхгүй хэмжээнд очих байх. Үүнийг ярьж байсан хүмүүс бүгдулс төрийн "үхдэл" болж, шударга бусын хонгилоор чихэгдэх нөхцөл байдал үүсэх байх.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж
- Дараагийн Ерөнхий сайд тодроогүй байгаа цагт Засгийн газар огцрохгүй.
- Н.Алтанхуяг та манай Засгийн газрыг огцруулаад өгөөч гээд бичиг барьчихсан өөрөө орж ирсэн.
- Хулгай хийдэг хүмүүжил надад байхгүй. Чаддаг юм бол Эрдэнэтийн 49 хувиар УИХ дээрээ нээлттэй сонсгол хийгээд намайг дуудчих
- Н.Алтанхуяг дээр өөр ч зүйл бий. Ядарсан ард түмэнд нүүрс дамлаж нүдний булай болсон.
- Бид Ерөнхий сайдаа тогтвортой ажиллуулдаг механизм хийж өгөх ёстой.
- Миний санаачилсан “Шилэн данс” одоо Ширэн данс болж хувирлаа. Учир нь манайд өмнөх хүнийхээ санаачилсан ажлыг үргэлжлүүлэхгүй хаядаг муухай зангаас үүдэлтэй юм.
- Одоо ЖДҮ-гээс өөр асуудал гаргаж ирээд түүнийхээ араас хөөцөлдөөд “Би шударга ёсыг тогтооно” гэж орилсоор байвал Монгол Улс дордсоор байх болно.
- Улс оронд болж бүтэхгүй байгаа бүхний гол эзэн нь Ц.Элбэгдорж юм гэсэн яриа яваад байна. Кино ярьсаар байгаад кинондоо итгэж эхэлдэг шиг зүйл болоод байгаа юм уу даа. МАНАН-гийн тухайд 2008 онд Засгийн газар байгуулагдахад МАН, АН нийлж Засгийн газраа байгуулсан. Тухайн үед намын дарга байсан надад “Шадар сайд болооч. Хамтарч Засгаа байгуулъя” гэсэн санал ирсэн. Тэгэхэд нь би “Танай МАН 44 суудалтай байгаа учир Засгийн газраа байгуул, бид сөрөг хүчин болъё” гэсэн. Үүний дараа Ардчилсан намд тавьсан санал гээд Үндэсний зөвлөлийн хороогоор хэлэлцүүлэхэд манайхан албан тушаалын төлөө МАНАН-гаа үүсгэхэд нь би намын даргын ажлаа хүлээлгэж өгч байсан түүхтэй.
- Дараагийн Засгийн газар нь өмнөхөөсөө хэзээ ч сайжирдаггүй юм.
- Дубайн гэрээ бол Засгийн газрын бүрэн эрхийн асуудал байсан. Өнөөдөр Оюутолгой дээр ганц хэрэгжиж байгаа төсөл бол энэ л байна. 27 жилийн турш өөр юу орж ирсэн бэ. Ч.Сайханбилэгийн алдсан ганцхан алдаа бол УИХ-д мэдээлээд явчих хэрэгтэй байсан юм. Тэгээгүйгээсээ болоод өнөөдөр буруудаж байгаа.
- Оюутолгойн гэрээн дээр Монгол Улс хувь эзэмших шаардлагагүй байсан. 100 гутал нийлүүлэх байсны 34-ийг нь Монголын өр болгож авч үлдэх шаардлагагүй гэсэн үг. Татвараа их хэмжээгээр нь тавиад, байгаль орчин болон бусад асуудал дээр заалтуудыг нь чангатгаад тавихад Олон улс ойлгох байсан юм.
- Тавантолгойн гэрээний хувьд ОХУ-г нүүрсээ зарж дуустал нь хүлээх юм бол бидний нас байтугай нүүрсний нас ч хүрэхгүй. Үнэхээр нүүрс их байгаа бол авъя гэсэн тал байгаа бол өгч бай.