Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
1. Өмгөөллийн тухай хуулийн төсөл
Хуулийн төсөлд өмгөөлөгчийн эрх зүйн байдал, хариуцлага, өмгөөлөгчдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндэс, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх, өмгөөлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна.
Төслийн Нэгдүгээр бүлэгт, хуулийн зорилтыг тодорхойлж, өмгөөлөгчийн үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж, өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, нэр томъёоны тодорхойлолтыг;
Хоёрдугаар бүлэгт, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, дуусгавар болгохтой холбогдсон зохицуулалтуудыг;
Гуравдугаар бүлэгт, өмгөөлөгч, түүний туслах, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлага, өмгөөлөгчийн тангараг, өмгөөлөгчид хориглох зүйлийг;
Дөрөвдүгээр бүлэгт, өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөллийн үйл ажиллагааны хэлбэр, өмгөөллийн үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр, өмгөөлөгчийн хүсэлт, гадаадын өмгөөлөгчийн үйл ажиллагаа, өмгөөллийн хөлс, гэрээ, өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа, нууцтай холбоотой зохицуулалтыг;
Тавдугаар бүлэгт, Монголын өмгөөлөгчдийн холбооны бүтэц, зохион байгуулалт, Холбооны Их хурал, Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Мэргэжлийн хариуцлагын хороо, Хяналтын зөвлөл, Мэргэшлийн хорооны эрх хэмжээ, тэдгээрийн зохион байгуулалттай холбоотой харилцааг;
Зургадугаар бүлэгт, өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам болон хүлээлгэх хариуцлагын асуудлыг;
Долдугаар бүлэгт, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Өмгөөлөгчдийн холбоотой харилцах, түүний үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааны тайланг гаргуулах зохицуулалтыг тус тус тусгасан байна.
2. Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Монгол Улс одоогийн байдлаар 17 улстай иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулсан байна. Бүгд Найрамдах Беларусь Улстай Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний төслийг хоёр тал 2016.03.11-ний уулзалтаар хэлэлцэн тохирч, 2018.06.04-ний өдөр Минск хотноо гэрээг байгуулжээ.
Тус гэрээгээр хоёр улсын иргэд адил нөхцөлөөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гардуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, баримт бичгийг гэрчлүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаатай холбоотой эрх зүйн туслалцааг хоёр улсын эрх бүхий байгууллагууд харилцан үзүүлэх юм.
Хоёр тал соёрхон баталсан Гэрээг солилцсон өдрөөс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болдог ажээ.