УИХ-ын чуулганаар Ж.Батзандан гишүүн үг хэллээ. Тэрбээр "Манай намын Ц.Элбэгдорж гэдэг хүн Эрдэнэтийн 49 хувийг хулгай хийж, Ч.Сайханбилэг Дубайн гэрээг хулгайлсан учраас ард түмэн аргаа барахдаа МАН-д 65 суудал өгсөн юм аа. Та нарыг хулгай хийхгүй байх гэж найдсан юм. Гэсэн чинь баларлаа даа. Бас л сонголтгүй болж. Гэхдээ энэ удаад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцорлоо гэхэд дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэж бодож үзлээ. У.Хүрэлсүхээс илүү зүрх зоригтой эх оронч хүн байна уу гэж хайлаа. Сүүлдээ аргагүйн эрхэнд үг хэлдэг хүнийг авч үлдэх ёстой юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Наад зах нь МАНАН-гийн засаглалын эсрэг зоригтой дуугарч чадаж байна. Эрдэнэтийн 49 хувийг хулгайлсан нөхдүүдээс ард түмэндээ буцааж авч өгье гэж зоригтой дуугарсан анхны хүн. Бас Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсны дараа бизнесээ булаалгалаа гэсэн бизнесмэнүүдийн гомдол их цөөрсөн. Энэ хүний үед олон дэвшил гарсан. Гэхдээ Хүрэлсүх төгс хүн биш ээ. Түүнд алдаа дутагдал ч бий. Гэхдээ өнөөдрийг түүхийн эргэлтийн өдөр гэж харж байгаа. Монгол Улс эрс өөрчлөлт, шинэчлэлтийн өмнө ирсэн гэж бодож байна. Над руу "Намаа бодоорой" гэж мессеж бичиж байна. Хувьсгалын өмнө намаа боддоггүй юм аа. Хулгайчид нам харгалзахгүй хулгай хийгээд байхад эх орончид өнөөдөр нам харгалзахгүй нэгдэж байж эх орноо аварч чадна. Харин У.Хүрэлсүх сайдаас "Монголын төрийг мафийн бүлэглэлээс салгаж өгөөрэй. Харин танхимаа авч үлдчихээд битгий тайвшраарай. Цаадуул чинь маргааш таны өрөөнд вино барьж орчихоод таныг тайвшруулах гэж хуурна шүү" гэж захиж байна.