УИХ-ын гишүүн Д.Хаянхарваа УИХ-ын чуулган дээр саналаа хэллээ. Тэрбээр "Үндэсний баялаг бүтээгчдийнхээ нэр хүндийг сэргээх тал дээр анхаараач гэж би үе үеийн Ерөнхий сайдуудад хэлж байсан. Гэтэл харин ч эсрэгээрээ тэднийг хулгайч луйварчингаар нь дуудаж, ад үзэх үзэл харагдах боллоо. Угтаа тэднийг улсдаа хэдэн төгрөгийн татвар төлдгийг мэдэх гишүүн байна уу. Жинхэнэ эх орныхоо эдийн засгийг босгож байгаа тэднийгээ ад үзэж, төрөөс төрсөн тэрбумтнуудыг хаацайлж, өөгшүүлдэг явдлаа хэзээ зогсоох вэ. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг томилогдоход ч хэлж байсан ч тоож үзсэнгүй.
Хоёрдугаарт, 30 гэр бүл гэдэг нэр томъёоллыг Ерөнхийлөгчөөс эхлээд хэлж байна. Миний нэр ч тэр дунд нь явж байх шиг байна лээ. Тиймээс эднийгээ ил тод зарлаж, санааг минь амраагаад өгөөч. Ямар луйврыг яаж авсан, юу хулгай хийснийг олон нийтэд зоригтой хэл гэж шаардаж байна.
Гуравдугаарт, МАН-ын бүлгийн хуралдаан дээр та ямар асуудал оруулж ирж, гарц шийдлийг нь гаргаж ирсэн бэ. Миний мэдэхээр ганц ч санал оруулж ирээгүй байж шударга ёсыг тогтооно гэж ярихаа боль" гэсэн юм.