Хүний Эрхийн Үндэсний комиссынхон Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн “Сэтгүүлч, өмгөөлөгч хүний эрх хамгаалагчийн өнөөгийн нөхцөл байдал” бүлгийг өнөөдөр танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар Монгол улсад хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоо бүрдсэн. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.5-д заасны дагуу хүний эрхийн хамгаалагчийн нөхцөл байдлыг жил бүр Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгахаар заасан. Энэ хүрээнд Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн нэг бүлэг “Сэтгүүлч, өмгөөлөгч хүний эрх хамгаалагчийн өнөөгийн нөхцөл байдал”- д дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудал бэрхшээлийг тодруулах, шийдвэрлэх арга замуудыг олж илрүүлэх зорилготой аж. Тус бүлгийн судалгааг хуульч, өмгөөлөгч, сэтгүүлчдэд танилцуулж, үр дүнг дүгнэн хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн хүрээнд Өмгөөлөгч хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдалд хийсэн судалгааг хуульч, судлаач Р.Очирбал танилцуулсан бол сэтгүүлч хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдалд хийсэн судалгааг “Цогц хөгжлийн төв” ТББ-ын ахлах судлаач Г.Доржтүвдэн танилцуулсан.
Хуульч, судлаач Д.Очирбал: Хүний Эрхийн Үндэсний Комиссоос хийсэн энэ удаагийн судалгаанд өмгөөлөгчийг “Хүний эрхийн хамгаалагч” нь хувьд мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх явцдаа хуульчийн болон өмгөөлөгчийн үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэх хамгаалалт нь ямар байна вэ? Гэдэгт анхаарал хандуулж, өнөөгийн нөхцөл байдалд нь тулгуурлан үнэлэлт дүгнэлт өгсөн нь маш чухал байлаа. Өмгөөлөгчдийн хувьд ажил мэргэжлийн талбар дээр бусдаас ирэх дарамт шахалт, халдлагаас үүдэн мэргэжлийн ажлаа үргэлжлүүлэн хийхээс татгалзах хүртэлх сөрөг үр дагаврууд үүссээр байгаа. Тиймээс энэхүү судалгаа нь нөхцөл байдлыг өргөн хүрээнд харах боломжийг олгож байна.
“Цогц хөгжлийн төв” ТББ-ын ахлах судлаач Д:Доржтүвдэн: Энэ удаагийн судалгаанд 426 өмгөөлөгч, 424 сэтгүүлч нийт 850 хүнээс анкетын аргаар, 12 удаагийн фокус бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагуудыг хийж нийт 47 сэтгүүлч, өмгөөлөгчдөөс мэдээлэл цуглуулжээ. Судалгааны дунд Хүний эрх хамгаалагч сэтгүүлчдэд тулгарч буй аюул, эрсдэлүүд өндөр хувьтай байгааг онцлов. Тухайлбал, сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэх явцдаа сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, эдийн засгийн хүчирхийлэлд өртдөг нь судалгаагаар батлагдсан. Түүнчлэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад учирч буй эдгээр эрсдэлүүдийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна гэж судалгаанд оролцогч сэтгүүлч хүний эрх хамгаалагчдын 14,9 хувь нь үзсэн бол бэрхшээл ихтэй шийдвэрлэхэд хүндрэлтэй гэж 38,4 нь хувь үзсэн байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-т заасны дагуу “Өмгөөлөгч, сэтгүүлч хүний эрх хамгаалагчийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэлийн нэг бүлгийг боловсруулж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд тусгаж, Улсын Их Хуралд хүргүүлэхээр ажиллаж байна.