Канадын эрх баригч Либерал намын шинэ даргаар Английн банкийг удирдаж байсан Марк Карнийг сонгов. Тэрбээр огцрохоор төлөвлөж буйгаа энэ оны эхээр (нэгдүгээр сард) мэдэгдсэн Жастин Трюдогийн халааг авч Ерөнхий сайд болно. Карни намын тэргүүний албанд нэрээ дэвшүүлсэн хүмүүсийн дотор Трюдогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд ороогүй байсан цорын ганц хүн юм. Санал хураасны эцэст Карни 85.9 хувийн дэмжлэг авсан байна.
Энэ оны аравдугаар сард болох бүх нийтийн сонгуулиар сөрөг хүчинтэй ширүүн тэмцэлдэхийн зэрэгцээ Дональд Трампын газар нутгийн маргаан дээр АНУ-тай тарифын асуудлаар тун амаргүй яриа хөөрөө хийх ажил шинэ Ерөнхий сайдыг хүлээж байна. Ялалт байгуулсныхаа дараа хэлсэн үгэндээ Карни Канад улсыг өөрийн болгох гэсэн Трампын эрмэлзлийг шүүмжилсэн юм. Энэ оролдлогыг няцаах ёстой гэж тэр хэлжээ. “Америкчуудад бидний нөөц баялаг, газар шороо, манай улс хэрэгтэй байгаа юм байна. Тэд энэ бүхнийг авч чадвал бидний амьдралын хэв маягийг үгүй хийх болно. Канад хэзээ ч аливаа хэлбэрээр Америкийн нэг хэсэг болохгүй” гэж Карни хэлсэн аж.
Халаагаа өгч буй Ерөнхий сайд Жастин Трюдо сүүлчийн үгээ хэлэхдээ “Канад улс АНУ-ын харгис санаархалтай нүүр тулгарах нь ээ” гээд Ерөнхий сайд байхдаа олсон амжилтаараа бахархсан юм. “Сүүлийн 10 жилд хийсэн ажилдаа би үнэхээр сэтгэл хангалуун байна. Тэгэхдээ манай нам, манай улсын ирээдүйн тухай ярьж байна” гэлээ.
59 настай Марк Карнийг гол нь санхүүгийн салбарт олсон нэр хүндээр нь либералуудын ирээдүйн удирдагч хэмээн олон жилийн турш үзсээр иржээ. Тэрбээр төдийлөн нэр хүндтэй биш Трюдогийн Засгийн газарт багтаагүй удирдагчийн зиндаанд байхдаа улсынхаа эдийн засгийн байдлыг сайжруулахад анхаарахыг хүсэж буйгаа илэрхийлж байв. Трюдо огцрох тухайгаа Либерал намын бүх нийтийн их хурлын өмнө зарласан юм. Тэгэхэд намын удирдлагыг улираан сонгох асуудлыг шийдэх ёстой байтал гишүүд өөрийг нь удирдагчийн суудлаас огцруулахыг Ерөнхий сайд хүссэнгүй. Шинэ удирдагчаа Либерал намын 400 мянга орчим гишүүн сонгох ёстой байв. Эцэст нь, 150 мянга шахам хүн саналаа өгчээ.
Сүүлийн үед Либерал нам нэр хүндээ илт алдсан. Аравдугаар сарын 20-доос хэтрэлгүй болох бүх нийтийн сонгуульд тус нам ялагдахыг олон түмний санал асуулгын дүн харуулсан байна. Огцрох тухайгаа зарлахдаа улс оронд нь хагарал бий болж, парламент нь сүүлийн хэдэн сар ажиллаж чадахаа байж, эрх баригч нам нь дотоод зөрчилдөө идэгдсэнийг Трюдо хүлээн зөвшөөрсөн билээ.
Марк Карни бол канад үндэстэн, нэртэй эдийн засагч юм. 2008-2013 онд буюу дэлхий дахиныг хамарсан хямралын эхний жилүүдэд Канадын төв банкийг удирдаж байв. Дараа нь 2013-2020 онд Англи улс Европын Холбооноос гарах ажил ид үед бас банкийг нь тэргүүлсэн нэгэн. Тэрбээр энэ алхам эрсдэлтэй хэмээн британичуудад удаа дараа анхааруулж байв.
Нэр дэвшихээ зарлаж төрөлх Эдмонтон хотдоо үг хэлэхдээ “Олон хямралыг давж гарах, хоёр эдийн засгийг аврахад би оролцлоо. Бизнес яаж ажилладгийг, түүнийг та нарын төлөө яаж ажиллуулахыг би мэднэ” гэсэн байдаг. Карни сүүлийн хэдэн сар Трюдогийн эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллажээ. Гэвч энэ салбарт Ерөнхий сайдын хийж буй алхмыг шүүмжлэх болов. “Ерөнхий сайд хийгээд түүний баг эдийн засгаас байсгээд нүүр буруулах юм гэж үздэг Либерал намын цорын ганц гишүүн би биш ээ” гэж тэрбээр хэлж ирэв.
Карнитай өрсөлдөгчдийн дотор Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд асан, хатагтай Христя Фриланд байжээ. Трюдог залгамжлах боломжтой гэж эртнээс яригдаж байсан Фриланд 1990-ээд онд Москвад “Financial times” сонины сурвалжлагчаар ажиллаж байсан гэнэ. Украинд нааштай ханддагаараа олонд танил болсон, украин ах, дүү нартай гэдгээрээ бахархдаг (өвөө, эмээ нь Баруун Украинаас Өрнөд рүү дүрвэсэн) Фриланд украин хэлийг сайн мэднэ. Тэрбээр Канадын Сангийн анхны эмэгтэй сайдаар ажиллаж байгаад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс эхлүүлсэн худалдааны дайны аюулыг сөрөн зогсох зардал, арга замын асуудлаар Трюдотой санал зөрөлдсөний улмаас огцорсон юм.
Сонгуульд Төлөөлөгчдийн танхимын удирдагч байсан 37 настай, хатагтай Карина Гулд, 2021 оноос Гадаад хэргийн сайдаар ажилласан хатагтай Мелани Жоли, Сангийн сайд Доминик Леблан нар бас оролцсон юм. Карина Гулд 2015 онд парламентын гишүүн, 2017 онд 29 настайдаа Танхимын хамгийн залуу сайд болж байжээ. Жоли нь Оксфордод сурч хуульч мэргэжил эзэмшсэн аж. Леблан нь Трюдогийн эртний анд, хамгийн ойрын холбоотны нь нэг байв. 20 гаруй жил парламентын гишүүн байж, 2008 онд Либерал намын даргын суудалд өрсөлдөөд орос угсаатан Майк Игнатьефт ялагджээ.
Канадын шинэ Ерөнхий сайдын сонгууль АНУ-тай харилцаа нь эрс хурцадсан цаг үед болов. Хөрш улсаа Америкийн 51 дэх муж болгох хүсэлтэйгээ Дональд Трамп мэдэгдэж, Ерөнхий сайд Трюдог нь байнга “мужийн амбан захирагч” гэж нэрлэж байлаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн бодлоор бол америк, канадчууд хамтран агуу их улсыг байгуулж, татвараа багасгаж, худалдааны гаалийн татваргүй болж, хоёр улс Орос, Хятадын зүгээс учруулах аюулаас найдвартай хамгаалагдах аж. Трюдо үүнд “Канад яасан ч Америкийн нэг хэсэг болохгүй, худалдаа, аюулгүй байдлын салбарт хоёр улс хамгийн том түншүүд байх болно” гэсэн хариулт өгсөн байдаг. Либерал намын их хурал дээр ч Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэгчид Канад улс хэзээ ч АНУ-ын нэг хэсэг болохгүй гэж хэлсэн байна.
Трампын шийдвэрийн хариуд “америкчуудыг канадчуудад хүндэтгэлтэй хандах хүртэл Америкийн бараанд тавьсан гаалийн татвараа цуцлахгүй” гэж Карни мэдэгдлээ. Түүний хэлснээр бол гаалийн татварт хураасан мөнгийг ажилчдад туслахад зарцуулах аж. “Ийм өрсөлдөөнийг бид хүсээгүй, гэхдээ хэн нэгэн өдвөл бид тэмцэлдэхэд бэлэн. Худалдаанд ч, хоккейд ч Канад ялна” гэж Карни хэлжээ.
Марк Карни АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг эрс эсэргүүцэгч юм. Трампыг сөрөгчид Карнийг өндөр үнэлдэг. Ардчилсан намын Гарри Сиссон “Дональд Трампыг Канадын шинэ Ерөнхий сайд байранд нь тавилаа” хэмээн бичсэн байна.
Канадын одоогийн Ерөнхий сайд Жастин Трюдо өнөөдөр амбан захирагч Мэри Саймонд огцрох өргөдлөө албан ёсоор өргөн барьсны дараа 21 дэх Ерөнхий сайд Марк Карни тангаргаа өргөнө. Тэрбээр сонгогдсон эхний өдрөө Ерөнхий сайдын өргөөнд очиж Трюдотой уулзаж эрх шилжүүлэх үйл явц хэр удаан үргэлжлэх талаар ярилцжээ. Тухайн өдрийн орой нь Карни “Энэ ажил богино хугацаанд болно” гэж хэлсэн аж.
Карни Ерөнхий сайд болмогцоо парламентын ээлжит бус сонгуулийн товыг зарлах ёстой.
Марк Карни 1965 онд Канадын зүүн хойт нутгийн Форт-Смит гэдэг жижиг хотод төржээ. 1988 онд Харвардын их сургууль төгсөж эдийн засагч мэргэжилтэй болсон байна. 1993 онд тус их сургуульд мастер, 1995 онд Оксфордын их сургуульд “Өрсөлдөөний динамик давуу тал” сэдвээр эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалав. Лондон, Нью-Йорк, Торонто, Токио хотод “Goldman Sachs” компанийн салбаруудад 13 жил ажиллажээ. 2003-2004 онд Канадын банканд олон улсын асуудал эрхэлсэн орлогч захирал байв. 2004-2007 онд Канадын санхүүгийн департаментад, 2010 онд “Их-7”-гийн орнуудын төв банкны тэргүүн болжээ. 2011-2018 онд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар ажиллаж байгаад Английн банкны түүхэнд хамгийн залуу захирал болж, 2018 онд Английн иргэншил авч, тэр үедээ Ирланд, Канадын давхар харьяалалтай байжээ. Долларыг дэлхийн нөөцийн валютын хувьд шинэ валютаар солих санал 2018 онд Карни гаргав. Түүний бодлоор олон туйлт ертөнцөд олон туйлт валют хэрэгтэй байлаа. Шинэ валют дэлхийн эдийн засагт тэнцвэртэй байдал бий болгоно гэж үзсэн аж. Худалдааны дайн дэлхий дахинд бизнесийг удирдах нөхцөлийг дордуулна гэж үзэж байлаа. 2023 оны наймдугаар сараас “Bloomberg” компанийн захирлуудын зөвлөлийг удирдах болжээ. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Жастин Трюдо огцрох тухайгаа зарласны дараа 2025 оны нэгдүгээр сард Либерал намын даргын сонгуульд албан ёсоор нэрээ дэвшүүлэв. Намыг Карни тэргүүлбэл огцрохоо Трюдог зарласан үеэс консерваторуудаас ихээхэн хоцрох болсон байдлыг өөрчилнө гэж сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харуулах болсон байна. Бүр 2011 онд Канадын “Reader’s Digest” сэтгүүлийн редакторууд Карнийг “Бусдаас илүү итгэж болох канад хүн” хэмээн хүлээн зөвшөөрч байсан аж. Харин уншигчид нь түүнийг ердөө 19 дүгээр байрт оруулсан юм. 2008 оны санхүүгийн хямралыг Канад улс хохирол багатай давахад тусласнаар Карни 1694 онд үүсэн бий болсноос хойш Английн банкны тэргүүний албанд томилогдсон анхны британи биш хүн болжээ.
2020 онд Карни цаг уурын өөрчлөлттэй тэмцэх НҮБ-ын тусгай элчийн үүргийг гүйцэтгэжээ. Энэ албыг хашихдаа тэрбээр нэг долларын цалин авч байсан гэдэг.
Марк Карни Британийн уугуул эмэгтэйтэй гэрлэж, дөрвөн охинтой болжээ. Карни сонгуульд өөртэй нь өрсөлдөж аман хүзүүдсэн Христя Фриландын хүүгийн загалмайлсан эцэг аж.
Р.Жаргалант