ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавж судлалын лабораторийн эрхлэгч, доктор Д.Идэрбаттай ярилцлаа. Идлэг шонхор шувууны тоо толгойн судалгааг уг лабораторийнхон Шувуу судлалын нийгэмлэг, МУИС, МУБИС, Байгалийн түүхийн музей, Байгаль хамгаалагчдын холбоо зэрэг байгууллагатай хамтран хийжээ. Ингэхдээ тэд 30 000 гаруй км зам туулсан байна. Тэдний нөр их ажлын дүнд идлэг шонхор шувууны тоо толгойг тогтоож, зөвлөмж боловсруулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд танилцуулсан аж. Энэ төрлийн судалгааг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийнхэн өмнө нь 2002, 2010, 2018 онд хийж байжээ.
-Идлэг шонхор шувуудын тооллогын судалгааг хэдий хугацаанд хийж гүйцэтгэсэн бэ. Судалгаагаа хэрхэн явуулав?
-Идлэг шонхрын судалгаа хийхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга зүй болох шугаман замнал (трансект), цэгэн тооллогын арга зүй болон сансрын дамжуулагчийн мэдээг ашиглалаа. Бид бүх аймгийн нутагт нэгбүрчлэн очиж чадахгүй шүү дээ. Тиймээс судалгааны батлагдсан арга зүйн дагуу амьдрах орчны загварчлал хийсэн. Идлэг шонхор шувуу нь голчлон хээрийн бүсэд амьдардаг. Тиймээс бид тал хээрийн бүсэд ажиллахаар судалгааны арга зүйгээ боловсруулсан л даа.
Тооллого хийхдээ шонхрыг бусад шувуунаас сайтар ялгаж харах хэрэгтэй. Идлэг шонхрын зарим зүйл харцага шувуутай их төстэй харагддаг. Тиймээс шувууны сарвуу, хошуу, далавчны хэлбэрийг дурангаар сайтар ажигладаг юм. Олон жил шувуу судлахаар нисэж байгаа хэлбэрээр нь хүртэл ялгаж чадахаар болдог. Энэ жилийн судалгаагаар идлэг шонхор шувууны тоо толгойг аймаг, сум бүрээр нарийвчлан гаргаснаараа онцлог юм. Амьдрах орчныг нь харгалзан байршил тогтоосон нь судалгаагаа хийхэд дөхөм байсан.
-Нүүдлийн шувуу мөн, эсэх талаарх маргаан өнгөрсөн жил өрнөж байсан. Энэ төрлийн шувуу дэлхийн хэмжээнд хэд байдаг вэ?
-Идлэг шонхор зөвхөн Монголд амьдардаггүй. Дэлхийн хэмжээнд 13-33 мянга бий. Түүнчлэн дэлхийн хэмжээнд 6-14 мянга, Монголд 2000 гаруй үржлийн хос бий гэж тодорхойлдог. Нийт тоо толгойнх нь 70 хувь нь Монгол оронд амьдардгийг 2018 оны судалгааны дүнгээр баталсан.
-Судалгааны явцад амьдрах орчин нөхцөл, идэш тэжээлийг нь ч тодруулсан гэж байсан. Үүний үр дүн хэрхэн гарав?
-Идлэг шонхор шувууны гол идэш болох үлийн цагаан оготнын тархацтай хамааруулан судалгааны цэгийг тогтоосон юм. Ингэхэд идлэг шонхор шувууны тархац үлийн цагаан оготно ихтэй нутагтай давхцаж байсан. Үлийн цагаан оготно бол жижиг мэрэгч, хөхтөн амьтан. Ерөнхийдөө үлийн цагаан оготно үгүй бол идлэг шонхор шувууны тоо толгой ч цөөрнө гэж ойлгож болно. Шонхор шувууны идэш тэжээлийн талаарх судалгааны ажилд дурдсанаар идэш тэжээлийнх нь 70 орчим хувийг үлийн цагаан оготно эзэлдэг гэсэн тоо баримт байна. Үлдсэн хувь нь хулгана, зурам, туулай, жижиг шувуу зэрэг амьтнаар хооллодог.
Мөн судалгааны явцад цахилгаан дамжуулах шон дээр 440 удаагийн тохиолдлоор идлэг шонхор бүртгэгдсэн байна л даа. Тал хээр газар цахилгаан дамжуулах шон суурилуулснаар шувууд ангаа барихад илүү хялбар болдог. Тиймээс цаашдаа цахилгаан дамжуулах шугам сүлжээг идлэг шонхор шувуунд ээлтэй болгохоор судалж байгаа.
-Судалгааны багийнхны боловсруулсан тайланд идлэг шонхрын нүүдлийн маршрут ч багтсан байна шүү дээ.
-Энэ жилийн судалгаагаа бага зэрэг орой хийсэн. Уг нь үржлийн хугацаанд нь буюу үржлийн шувууд суурин байх үед нь хийх ёстой. Үржлийн хугацаа нь тухайн жилийн цаг уурын байдал, хоол тэжээлийн нөөц, үүрлэх тохиромжтой орчин зэргээс хамаарч тавдугаар сарын эхнээс долоодугаар сарын сүүлч хүртэл үргэлжилдэг. Байршил тогтоогч сансрын дамжуулагчийн тусламжтайгаар судлахад залуу шувууд нь нүүдэллэдэг юм байна. Тэд Хятадын баруун хэсэгт орших Төвөдийн тэгш өндөрлөг нутагт өвөлждөг. Харин бие гүйцсэн шувууд нь Монголын өмнөд говийн бүс нутгийн хил орчимд өвөлждөгийг тогтоосон. Энэ зургаас харахад эр шувуу нь Монголд үлдэж, эм нь говийн бүс нутаг руу нүүдэллэсэн байна. Тиймээс энэ шувууг хагас нүүдлийн гэж хэлж болно. Гэхдээ усны шувууд шиг хол нүүдэллэдэггүй.
-Энэ шувуу нь эдийн засгийн хувьд хэр өгөөжтэй бол?
-Монгол оронд 9230 идлэг шонхор байгааг энэ удаагийн судалгаагаар тогтоосон. Идлэг шонхор эдийн засгийн хувьд маш өндөр ач холбогдолтой. Нэг идлэг шонхор шувууны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 26 сая төгрөг.
Идлэг шонхор шувууг зөвхөн хоёр орны дипломат харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад улсын төрийн өндөр дээд түвшний албан тушаалтанд соёлын зориулалтаар буюу бэлэглэх журмаар жилд 350 тоо толгой хүртэл экспортлох боломжтой. Эр, эм шонхор шувууны биеийн харьцаа адилгүй. Гадаадынхан том биетэй буюу эм шувууг нь авах сонирхолтой. Гэтэл зөвхөн эм шувууг авлаад байвал тоо толгойд нь сөргөөр нөлөөлөх магадлалтай гэсэн зөвлөмжийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хүргүүлсэн. Шонхор барих зөвшөөрөл авахын тулд экологи-эдийн засгийн үнэлгээнийх нь дагуу нэг шонхорт 20 гаруй сая төгрөгийг орон нутгийн Байгаль орчны газарт тушаадаг. Энэ мөнгийг Байгаль орчны газар, мэргэжилтнүүд шувуудын амьдрах орчныг сайжруулах, тоо толгойд мониторинг судалгаа хийлгэх зэрэгт зарцуулах хэрэгтэй. Жишээлбэл, өндөр хүчдэлийн шонтой адилхан хиймэл суултуур, үүр барих боломжтой. Ийм зөвлөмжийг БОУАӨЯ-нд хүргүүлсэн. Энэ жил Төв, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Ховд аймагт шонхор шувуу илүү тархсан байсан. Тиймээс эдгээр аймгийнхан шонхрын амьдрах орчин, тоо толгойд хяналт тогтооход анхаарал хандуулах хэрэгтэй болжээ.
-Идлэг шонхор шувуу 2018 онд 10 300 орчим байсан бол өнгөрсөн жилийн тооллогоор 9230 болсон гэлээ шүү дээ. Энэ нь тоо толгой буурсан гэсэн үг биш гэж үү?
-Тоо толгой нь буураагүй. Бидний судалгаа хийсэн хугацаа л оройтчихсон. Идлэг шонхор шувуу хагас нүүдлийнх гэж хэлсэн шүү дээ. 2018 онд үржлийнх нь хугацаанд амжиж тооллого хийсэн. Харин өнгөрсөн онд наймдугаар сарын сүүлчээр судалсан болохоор залуу шувууд нь нүүчихсэн байсан юм. Иймд ихэвчлэн бие гүйцсэн шувуудыг тоолсон гэсэн үг. Арабын орнууд идлэг шонхор шувууны хорогдлыг бууруулахын тулд өндөр хүчдэлийн шонгуудад цахилгаан дамжуулалтаас хамгаалах бүрээс хийдэг. Бас шонхор шувуудын үржлийн орчныг нь тэтгэхийн тулд хиймэл үүр барьдаг. Тал хээр газар шонхор шувуу үүрлэхэд хэцүү. Идлэг шонхор өөрөө үүрээ засдаггүй, бусад шувууны орхисон үүрийг ашигладаг онцлогтой. Тиймээс үүрлэх тохиромжтой орчин бий болгох нэн шаардлагатай байна. Дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхдээ шувуудад үзүүлэх нөлөөллийг нь сайтар судлах хэрэгтэй.
-Та бүхэн маршрутын зургаа гаргахдаа өмнөх судалгааны үр дүнд тулгуурласан уу?
-Бид өмнө нь хийсэн судалгааныхаа арга зүй, маршрутын дагуу ажилласан. Өмнө хэлсэнчлэн, идлэг шонхор шувууны тархац үлийн цагаан оготнынхтой давхацдаг. Сүхбаатар, Дорнод аймагт идлэг шонхор шувуу олон байдаг ч өнгөрсөн жилийн тооллогоор буурсан дүн гарсан. Яагаад гэхээр сүүлийн хэдэн жил зун, өвлийн улиралд хур тунадас их, ургамлын бүрхэц өндөр байлаа шүү дээ. Тиймээс үлийн цагаан оготнын амьдрах орчин алдагдаж, ан хийхэд хүндрэлтэй байж. Тиймээс идлэг шонхрууд үлийн цагаан оготно ихтэй баруун аймгууд руу нүүдэллэх нь ихэсжээ. Судалгааг нийт есөн багийн 40 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, Монгол орны 21 аймагт идлэг шонхрын тархац нутгийг төлөөлж чадахуйц нутаг дэвсгэрийг хамруулан хийсэн. Манай багийнхны хувьд Булган, Сэлэнгэ аймгийн идлэг шонхор шувууны тоо толгойн судалгааг хариуцсан юм. Ингэхэд Булганы Баян-Агт, Дашинчилэн, Баяннуур орчмын дэрстэй хөндийд идлэг шонхор олон байгаа нь ажиглагдсан. Харин Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орчимд цөөхөн байлаа.
-Төвийн бүсэд идлэг шонхор шувуу олон байна шүү дээ. Гэвч энэ хэсэгт хүн амын нягтшил ихтэй. Энэ нь тоо толгойд нь нөлөөлдөг үү?
-Нөлөөлнө л дөө. Жишээ нь, шонхор шувууны хоол тэжээлийн нэг болох тагтаа өдрийн цагаар тариалангийн талбайд өнждөг. Харин шөнөдөө хүний суурьшлын хэсэгт хоноглодог. Тиймээс тагтаа барихын тулд шонхор сумын төвд ойртох нь бий. Мөн өндөр хүчдэлийн шон дагасаар хүний суурьшлын бүсэд ойрхон үзэгдэж болно.
Хөдөө хээр явахад замын хажуугаар шувууны сэг зэм их байдаг шүү дээ. Авто зам дээгүүр явж байгаа амьтад сайн харагддаг учраас махчин шувууд ойролцоох шон дээр сууж тохиромжтой үеийг хүлээдэг. Гэтэл ангаа хийх явцдаа автомашинд мөргүүлэх тохиолдол түгээмэл. Автомашинд дайруулж олон шувуу үхдэг ч үүнд хариуцлага хүлээдэг газар алга.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” бодлого, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийг тэлэх 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд боомтын сэргэлт, авто болон төмөр зам, усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч зэрэг дэд бүтэцтэй холбоотой төслийг хамруулаад буй. Тиймээс цаашид дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэхдээ зэрлэг амьтан, шувуудад үзүүлэх нөлөөллийг сайтар судалж, экологи, нийгэмд ээлтэй арга техникийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох шаардлагатай байна.
-Та нүүдлийн шувуудыг судалж байсан гэсэн. Уг ажил нь шинжлэх ухааны хувьд ямар ач холбогдолтой байв?
-БНХАУ-ын ШУА-ийн их сургуульд 2015-2021 онд суралцаж, “Хошуу галууны үржлийн болон нүүдлийн экологи” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Суралцаж байх хугацаандаа шувуудын нүүдэлтэй холбоотой 18 өгүүлэл олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн юм. Шувуудын судалгаа хийснээр амьдрах орчны сонголт, идэш тэжээл, нүүдлийн замналын талаар шинэ мэдлэг олж авах, хамгаалах шаардлагатай газар нутаг зэргийг тогтооход ашиглах боломжтой. Түүнчлэн суралцаж байх хугацаандаа 30 гаруй зүйл шувууг Монгол орноос барьж, сансрын дамжуулагч зүүн, нүүдлийн замнал, өвөлждөг нутаг, экологийн ач холбогдлыг тодорхойлсон. Жишээлбэл, Солонгост хун, зэрлэг нугас, нөмрөг тас, Японы Изумы аралд цэн тогоруу, Хятадын Хөх мөрөнд цэн тогоруу, халбаган хошуут, хошуу, бор болон буурал галуу өвөлждөгийг тогтоосон юм. Түүнчлэн Шар мөрөнд хун, тогоруу, хонин тоодог, Энэтхэг, Төвөдийн өндөрлөгт хээрийн галуу, хондон ангир, бор галуу очиж өвөлждөг зэргийг судалгаагаараа тодруулсан. Эдгээр нүүдлийг судалснаар шувууны томуу гадаадын оронд гарлаа гэхэд нүүдлийнх нь замын дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх боломжтой гэсэн үг.
А.Тэмүүлэн