Африк, Арабыг Европтой холбодог төв цэг Гректэй агаарын харилцааны хэлэлцээр байгуулсныг ЗТХЯ-наас мэдээллээ. Ингэснээр таван жилийн өмнөөс хэлэлцсэн Грек улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдсэн аж. Үүний хүрээнд хоёр тал иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт, дадлага, агаарын навигацын чиглэлээр хамтран ажиллахаар болсон гэнэ. 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор визийн шаардлагаас чөлөөлсөн 34 орны нэг нь Грек юм. Манай улс ийнхүү 42 дахь улстайгаа агаарын харилцааны хэлэлцээр байгуулжээ.
Ташрамд дурдахад, Япон Улсын агаарын тээвэрлэгч “Japan airlines” компани “Чингис хаан” нисэх буудалд анхны захиалгат нислэгээ өчигдөр үйлдэв. Манай улс руу нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчийн тоо ийнхүү нэгээр нэмэгдлээ. Эл нислэгээр 124 зорчигч Монголд ирсэн аж. Тус компани энэ сарын 28 болон есдүгээр сарын 1-нд захиалгат нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн: Ц.Ундрал