“Тэг Ковид” бодлогоо цуцалсан Хятадын эдийн засгийг энэ онд хурдан сэргэнэ хэмээн шинжээчид таамагласан нь биелсэнгүй. Дэлхийн хоёр дахь том ДНБ-тэй тус улс эдийн засгийн үзүүлэлтүүдээ нууж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна. Тухайлбал, өмнөд хөрш залуучуудынхаа хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг зарлахаа түр зогсоох шийдвэр гаргалаа. Ер нь Хятад улсын эрх баригчид эдийн засаг нь суларсан талаарх яриаг эмзгээр хүлээн авч, намжаахыг хичээж буй нь илт хэмээн шинжээчид дурдаж байна. “Bloomberg”-ийн мэдээлснээр тус улсад 16-24 насны залуучуудынх нь ажилгүйдлийн түвшин өнгөрсөн зургадугаар сард 21.3 хувьд хүрчээ. Өмнөх сард нь эл тоо 20.8 хувь байсан аж. Урд хөршид дээрх насны залуусын тавны нэг нь ажил эрхлэхгүй байгаа нь нийгмийн тогтвортой байдлыг хадгалахын төлөө улайран зүтгэж буй эрх баригч намын хувьд санааг нь ихэд чилээсэн үзүүлэлт юм. Тэгвэл долдугаар сард эл үзүүлэлт түүхэн дээд түвшнээ шинэчилсэн байж ч болзошгүй гэнэ. Гагцхүү Үндэсний статистикийн хорооноос нь уг үзүүлэлтийг дээр дурдсанчлан зарлаагүй тул баттай хэлэх боломжгүй билээ. Эдийн засгаа тэлэхийг зорьж буй ч үүнд аюул заналхийлж байгаа талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэх хэрэггүй хэмээн Хятадын удирдагчид үзсэн нь зарим зүйлээс шалтгаалсан бололтой. Тухайлбал, АНУ-д ашигтай хэмээн үзсэн мэдээллүүдийг нууцлахыг зорьсон байх талтай гэж мэргэжилтнүүд дурджээ.
Сүүлийн үед Хятад улс хэд хэдэн үзүүлэлтийг “алга болгосон” бөгөөд дээр дурдсан залуусын ажил эрхлэлтээс гадна газрын наймааны талаарх мэдээлэл үүнд багтсан аж. Тодруулбал, газар эзэмшигчдийн худалдан авсан хэмжээ, тэдний зарцуулсан төлбөрийг нууцалжээ. Бүтээн байгуулалтад зориулж худалдсан газрын хэмжээ өнгөрсөн онд 50 гаруй хувиар багассантай холбоотойгоор ийн “далдалсан” байж мэднэ. Тус улсын барилгын салбарын хямрал Засгийн газраас нь мэдэгдсэнээс ч “гүнзгий” байх магадлалтай гэнэ. Албан ёсны мэдээллээр бол газрын худалдаанаас орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн орлого нь өмнөх жилд 23 хувиар буурсан дүн бий. Түүнчлэн Хятад улс гадаад валютын нөөцийн талаарх мэдээллээ нууцлах болсон юм. Эл үзүүлэлт 2017 оноос хойш тогтвортой байсан. Гэхдээ гадаад худалдаа нь ашигтай байсан үеийг ашиглан валютын нөөцөө хангалттай нэмэгдүүлж чадаагүй байхыг үгүйсгэхгүй хэмээн үзэж буйгаа зарим эдийн засагч өгүүлжээ.
Хятад улс бондын арилжааны талаарх статистикийг танилцуулахаа ч мөн чимээгүйхэн зогсоогоод буй. Бас цар тахлаас шалтгаалж нас барсан иргэдийн тухай мэдээллийг “далдалж” байгаа аж. Тус орны хамгийн олон хүн амтай мужуудын нэгт өнгөрсөн нэгдүгээр улиралд талийгаачийг чандарласан тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 72.7 хувиар өссөн хэмээн долдугаар сард “Caixin” цахим хуудсанд уламжилж байв. Эргэн сануулахад, Хятад улс коронавирусийн эсрэг хэрэгжүүлсэн хязгаарлалтаа өнгөрсөн арванхоёрдугаар сард сулруулсан билээ. Харин үүний дараа дээрх үзүүлэлт алга болсон гэнэ. Энэ талаарх Засгийн газрын мэдээлэл нь ч интернэтээс устжээ. “Caixin” цахим хуудсанд байршуулсан дээрх баримт ч устсан аж. Эдгээрээс гадна академик түвшний мэдээллийг энд дурдаж болох нь. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс хойш “China national knowledge infrastructure” хэмээх эрдэм шинжилгээний мэдээллийн сангийн зарим хэсгийг гадаадад ашиглахыг зогсоосон байна. Ингэснээр гадаадын судлаачид Хятадын мэргэжилтнүүдийн эрдмийн ажил, патент, статистик болон хурлын материалуудыг сонирхо х боломжгүй болсон тухай Калифорнийн их сургуулийн мэдэгдэлд дурдсан юм.
Эдийн засгийн үзүүлэлтүүдээс гадна улстөрчдийн намтрыг ч нууцлах болсон байна. Ахмад улстөрч, албан тушаалтнуудын намтар “агшсан” бөгөөд өмнө нь тэдний анкет дэлгэрэнгүй байсан бол өдгөө цөөн өгүүлбэрт хувийн үндсэн мэдээллийг нь л багтаах болжээ. Бас Улс төрийн товчооны хурлаар хэлэлцсэн асуудлын талаарх мэдэгдэл гаргадаг байсан ч зарим сард танилцуулаагүй аж.
“Business insider”-т Хятад улс эдийн засаг нь хэвийн мэт “царайлж”, үзүүлэлтүүдээ нууж буй ч нөхцөл байдал эсрэгээрээ байгаа хэмээн тэмдэглэжээ. Мөн нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл Хятад улс 1990-ээд оны Японтой адил зогсонги байдалд орж болзошгүй хэмээн “JPMorgan”-ы стратегичид энэ сарын эхээр сануулсныг эш татав. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден ч үүн дээр гал нэмж, өнгөрсөн долоо хоногт “Хятадын эдийн засаг “цагтай бөмбөг” ч болж магадгүй” гэж ярьсан удаатай. Тэрбээр Хятадын өндөр технологийн салбарт хөрөнгө оруулахыг хязгаарлах, зохицуулах тухай захирамжид саяхан гарын үсэг зурсан юм. Уг захирамж нь хагас дамжуулагч, квант технологи, хиймэл оюун ухааны салбарыг хамрах аж.
Хятадын Төвбанк бодлогын хүүгээ цар тахлаас хойш байгаагүй өндөр хувиар бууруулсан тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн онцолж байна. Тус банк 2020 оноос хойш байгаагүй өндөр дүнгээр буюу 15 суурь нэгжээр доошлуулан дээрх хүүг 2.5 хувьд хүргэсэн. Сүүлийн гурван сард бодлогын хүүгээ хоёр дахиа бууруулсан нь энэ. Шинжээчдийн зүгээс энэ талаар Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар уналтад орж, хэрэглэгчдийн зарцуулалт багасан, эдийн засгийн өсөлт нь саарч буй тул дэмжих арга хэмжээ авч байна хэмээн дурджээ. Өрийн асуудал нь нэмэгдэж буй үл хөдлөх хөрөнгийн салбар нь Хятадын эдийн засгийн 20 орчим хувийг бүрдүүлдэг гэх статистик бий.
Нөгөөтээгүүр, өмнөд хөршид хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сард өмнөх жилийн мөн үеийнхээс 0.3 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос нь мэдээлсэн юм. Японд 2021 оны наймдугаар сард эл индекс жилийн дүнгээр буурч байлаа. Үүнээс хойш “Их 20”- ийн орнуудаас хэрэглээний үнийн индекс нь жилийн дүнгээр доошилсон анхны тохиолдол нь энэ болов. Хэдийгээр хүүгийн хэмжээ доогуур байгаа ч санаа зовнисон иргэд, аж ахуйн нэгжүүд нь зарцуулах, хөрөнгө оруулахаас илүүтэйгээр бэлэн мөнгө хуримтлуулж буй юм байна. Цаашдын ирээдүйд эргэлзэж, болгоомжилж байгаатай энэ нь холбоотой. Уг нь Хятадын Ардын банкны дэд ерөнхийлөгч өнгөрсөн сард “2023 оны хоёрдугаар хагаст дефляцын эрсдэл нүүрлэхгүй. Гэхдээ эдийн засаг цар тахлын дараа хэвийн нөхцөлд ортол хугацаа шаардлагатай” гэж байв. Хонконг дахь хөрөнгө оруулалтын “Yintech” компанийн ахлах эдийн засагч Хятадад дефляц үргэлжиллээ гэхэд сүүлийн 20 жил үнийн зогсонги байдалд орсон Японы түүхийг давтахгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Тэгвэл “Fitch” агентлагийнхан “Хятад улсын ир гэдийнхээ гэдийнхээ хэрэглээний зардлыг өсгөх төлөвлөгөөнд тодорхойгүй зүйлс байсан хэвээр. Энэ нь хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэх, орон нутгийн засаг захиргааны бодлогын хэрэгжилтээс ихээхэн шалтгаална” хэмээн дурдсан байв.
Хятадад үйлдвэрлэгчийн үнийн индекс 10 сар дараалан буурсан үзүүлэлт мөн гарсан юм. Энэхүү индекс долдугаар сард 4.4 хувиар доошилсон бөгөөд өмнө нь эл тоог 4.1 байна хэмээн шинжээчид тооцоолсноос илүү гэсэн үг. Түүнчлэн долдугаар сард Хятадын экспорт, импорт багасаж, жижиглэн худалдааны өсөлт саарчээ. Олон улсын валютын санд эдийн засагчаар ажиллаж байсан, өдгөө Хонконг дахь UBS банкны гүйцэтгэх захирал Тао Вангийн өгүүлснээр Хятадын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 300 орчим байгаа нь хөгжсөн орнуудынхаас ч өндөр үзүүлэлт гэнэ. Тэрбээр Хятадын эдийн засаг гадаад орчин болон дотоод хүчин зүйлсээс хамаарч томоохон сорилтуудтай тулгарч байгааг дурдаад, цаашид дасан зохицох чадвартай байж, худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт татахад анхаарч, олон улсын стандарт, туршлага нэвтрүүлж, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, төсвийн тогтолцоог шинэчилж, хувийн хэвшлийнхнийг дэмжих зэрэг арга хэмжээ авах нь зүйтэйг тодотгожээ . Хятадын хувьд хөрөнгө оруулалт татах нь сорилт болж байгаа аж. Тус улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны хоёрдугаар улиралд түүхэн доод түвшиндээ хүрсэн талаар “Nikkei Asia” мэдээлсэн юм. Украины асуудлаас шалтгаалж цаашид хориг арга хэмжээ тавьж магадгүй гэх болгоомжлол хөрөнгө оруулагчдад үүссэн агаад хөрөнгөө Вьетнам, Энэтхэг зэрэг улс руу илүүтэй чиглүүлэх болсон гэнэ. Ямартай ч Хятадын Төрийн зөвлөлөөс хөрөнгө оруулалтын орчныг таатай болгож, үүнийг татахад чиглэсэн удир дамж баталсныг “People’s daily” сонинд бичжээ. Энэ талаар ecns.cn цахим хуудсанд “Хөрөнгө оруулалтыг орчныг сайжруулж, үүнийг татах талаар зургаан чиглэл бүхий 24 арга хэмжээг багтаасан удирдамж гаргасан” хэмээн мэдээлэв. Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятад 40 хувийн хувь нэмэр оруулсан гэж “BCA research” компанийнхан тооцсоныг “Financial times” тодотгоод, тус улс одоогийн нөхцөлд дефляцын үр дагаврыг зохицуулах боломжтой хэмээн үзэж буйгаа дурджээ.
Бэлтгэсэн: Б.Сонор