Орчин цагийн хүмүүс байгалийн жамыг сөрж залуу насаа илүү урт удаан үргэлжлүүлэх хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр төрөл бүрийн эм бэлдмэлээс эхлээд мэс засал хүртэл хийлгэх болсон. Хүн төрөлхтний хувьд “мөнхийн” залуу, илүү гоо үзэсгэлэнтэй, эрч хүчтэй байхын төлөөх “тэмцлийг” хэдэн зуу, мянган жилийн тэртээгээс эхлүүлснийг түүхэн баримтууд гэрчилдэг. Энэхүү эрэл хайгуул, “их аян”-ы үр дүнд өдгөө багадаа 10-20 жилээр залуу харагдах, тэр хэрээр биологийн цагийг “чангаах” боломжтой гэдгийг олон орны эрдэмтэн судлаачид өгүүлжээ. Сүүлийн жилүүдэд амьдралын хэв маягаа зохистой байлгаж, элдэв эм тариагүйгээр буюу эрүүлээр залуужих нь хамгийн зөв сонголт гэсэн хандлага олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд буй. Үүний хүрээнд хүмүүс амьдралыг жинхэнэ утгаар нь урлаг, таашаал болгож байгаа жишээ тоймгүй.
Өнөөгийн хувьд шинжлэх ухааны хөгжил гений түвшинд хүрч, залуужуулах технологи бий болгоод буй. 2016 онд анх энэхүү аргыг туршиж, Америкийн “Bio viva” судалгааны фирмийн гүйцэтгэх захирал Лизабет Парриш хөгшрөлтийн эсрэг гений эмчилгээ хийлгэжээ. Үүний үр дүнд түүний цусан дахь лейкоцитүүд биологийн хувьд залуужиж, теломерүүд 20 жилээр “сунасан” аж. Цаашид ч энэ мэтээр боломжуудыг бий болгох туршилт, судалгаагаа хүн төрөлхтөн үргэлжлүүлсээр. Ер нь залуужуулах технологи боловсруулахын тулд мэрэгчид, амьтдыг туршилтад хамруулах нь түгээмэл. Жишээ нь, Харвардын анагаах ухааны сургуулийн молекул биологич Дэвид Синклэр хулганыг тодорхой хугацаанд хэсэгчлэн залуужуулах туршилт хийсэн нь тооцоолсон үр дүнгээс давсан, гайхалтай амжилттай болсон талаар дэлхийн хэвлэлүүд өнгөрсөн нэгдүгээр сард нэлээд шуугиантай мэдээлсэн. Тэгвэл өөрийн хүсэлтээр энэ мэт залуужуулах туршилтад орсон хүн олон. Гэхдээ туршилт гэхээсээ илүүтэй амьдралын хэв маяг, аж байдлаа ийм зорилгоор “зольж”, залуужсан тохиолдол байна. Энэ тухай өгүүлэхээс өмнө түүх сөхөж, товчхон өгүүлье.
Залуу насаа хадгалах, бие махбодоо “сэргээх”-ийн тулд зарим хүн юу эсийг туршсан байх юм. 1925 онд Францын мэс засалч, орос гаралтай Серж Воронов нэрээр алдашрсан Сергей Абрамович Воронов залуу эрэгчин сармагчны бэлгийн булчирхайг нас, бие гүйцсэн хэд хэдэн эрэгтэйд шилжүүлэн суулгажээ. Сүр дуулиантай эхэлсэн эл мэс заслыг хийлгэхээр хэдэн зуун хүн захиалга өгсөн ч туршилт бүтэлгүйтсэн учраас зогсоосон гэдэг.
Үүнээс бараг нэгэн зууны дараа буюу 2020-иод оны үед Америкийн саятан, 45 настай Брайан Жонсон 18-тай хүүгийнхээ цусыг өөртөө сэлбүүлэн, залуужих “Project blueprint” төсөлд хамрагдаад явж байна. Зөвхөн энэ онд тэрбээр 30 эмч бүхий багийн хяналт дор эл эмчилгээг үргэлжлүүлж буй. Уг төсөл нь цус сэлбэх уламжлалт аргыг эрүүл, зохистой амьдралын хэв маягтай хослуулдгаараа олны анхаарлыг илүү татаж буй гэнэ. Жонсон өглөө эрт босож, турмерик, хар перец, цагаан гааны үндэс зэрэг байгалийн “хамгаалагчаар” баялаг хоол хүнс хэрэглэн, эрүүл мэндэд зориулсан нэмэлт бүтээгдэхүүн ууж, дасгал хийдэг аж.
Өнөөдөр зохистой аж амьдралын энгийн хэв маяг болтлоо хөгжиж буй залуужих урлагийг туршилт байдлаар хүмүүст албадан хийж байсан түүхүүд бий. Тухайлбал, АНУ-ын Сан Квентин (Калифорни) хотын шоронгийн ахлах эмч Стэнли 1918 оноос хойш хэдэнтээ залуужуулах туршилт хийж, цаазын ялтай залуу эрчүүдийн төмсгийг хөгшин хоригдлуудад шилжүүлэн суулгажээ. Зарим тохиолдолд тэрбээр ямаа, зэрлэг гахай, бугын төмсгийг ч ашигласан гэдэг. Түүний судалгааны өөр нэг зорилго нь эрүүгийн зан үйл нь даавраас хамаардаг гэсэн таамаглалыг батлах байв. 1940 он гэхэд Стэнли 600 хоригдлыг эл туршилтдаа хамруулсан байжээ.
Тэгвэл дээр дурдаад өнгөрсөн туршилт нь цэвэр сайн дурын үндсэн дээр явагдсан бөгөөд үүний үр дүнг олон улсад тайлагнасан юм. Тодруулбал, Америкийн Өмнөд Флоридагийн их сургуулийн профессор, 55 настай Жозеф Дитури “усан доор залуужих” төсөлд хамрагджээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс эхлэн 93 хоногийг Атлантын далайн есөн метрийн гүнд өнгөрүүлсэн бөгөөд тэнд тусгай “сууц” бэлдсэн. Эсийн залуу байдлыг хариуцдаг хромосомын төгсгөлд байрлах теломер гэж нэрлэдэг бүтэц 20 хувиар “уртассан” болохыг Дитурийг иж бүрэн шинжилгээнд хамруулснаар баталсан аж. Хүн насжихын хэрээр эл үзүүлэлт багасдаг юм байна. Үүнээс гадна үүдэл эсийн тоо 10 дахин нэмэгдэж, цусан дахь ашиггүй холестерины түвшин эрсбуурсан бөгөөд Дитури 10 насаар залуужсан гэдгийг судалгааны багийнхан мэдээлсэн. Далайн гүн дэх өндөр даралтын нөлөөгөөр ийм өөрчлөлт гарах боломжтой гэж судлаачид дүгнэжээ. Энэ нь хүний биед эерэг нөлөө үзүүлдэг, ялангуяа эсийн өсөлт, хөгжлийг өдөөдөг гэдгийг тэмдэглэсэн байна.
Оросын эрдэмтэн, энэ сэдвээр дагнан ажилладаг, геронтологич Алексей Москалев “энэ туршилтад хамрагдсан хүн хэдийгээр залуужиж байгаа ч усны гүнд удаан байх нь сөрөг нөлөөтэй. Жозеф Дитури алсын хараа ньзарим хэмжээсээр буурсан талаараа ярьжээ. Энэ нь тархитай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Сансарт болон усанд гүн шумбах үед тархи, нугасны шингэн дэлхийн гадаргуу дээр байдгаас өөрөөр урсаж эхэлдэг. Тархины ховдлууд өргөсөн, томордог. Үүнээс болж нүдний мэдрэлийн судал гэмтэх, хараа муудаж, бүр харалган болох аюултай” хэмээгээд залуужихын тулд энэ мэт эрсдэлтэй тулалгүйгээр мөн халаасаа “гөвөлгүйгээр” эрүүл зохистой амьдарснаар мөрөөдлөө биелүүлэх бүрэн боломж бий гэж зөвлөжээ. Тодруулбал, зөв хооллож эхлэхэд (илүү их ногоо, жимс жимсгэнэ, загас хэрэглэх гэх мэт) л үр дүн шууд мэдрэгдэнэ. Үүнийг байнгын дасгал хөдөлгөөнтэй хослуулах, эсвэл биеийн хүчний хөдөлмөр эрхлэх зэргээр идэвхтэй амьдрахад л стресс, сэтгэлийн түгшүүрийн түвшин буурдаг нь батлагдсан. Орчин цагийн хүмүүсийн эрхэмлэх болсон зохистой амьдрах хэв маягийн урлаг нь алсдаа хүн төрөлхтний аж байдлын нэг хэсэг болно гэдгийг мөн онцолжээ. Өөрөөр хэлбэл, энгийн амьдралын зохистой хэв маяг бол залуужих “жор” гэдгийг тэрбээр өгүүлжээ.
Бэлтгэсэн: Э.Хана