Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аагим халууны улмаас хүнд хэлбэрийн шинж тэмдэг илрэх эрсдэлтэй хүмүүст хяналт тавих найдвартай тогтолцоог бий болгохыг уриаллаа. Зүрх судас, амьсгалын замын болон чихрийн шижин өвчтэй, мөн жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, орон гэргүй хүмүүс хамгийн эрсдэлтэй бүлэгт орж байна. Тодруулбал, энэ долоо хоногт Европ, Ази, Америкийн зарим хэсгийг хамарч байгаа аагим халууны үед дээрх бүлгийн хүмүүст онцгой анхаарал тавихыг зөвлөлөө. "Бид нийгмийн хамгийн эмзэг хүмүүст санаа зовж байна. Хэт халууны улмаас тэдгээр хүмүүсийн суурь өвчин хүндэрч болзошгүй" гэж ДЭМБ-ын нийгмийн эрүүл мэндийн газрын захирал Мария Нейра мэдээллээ.
“Эль Нино” үзэгдлээс болж хэт халалт үүсэж байгаа ч дэлхийн дулаарал нөхцөл байдлыг улам дордуулж байгаа юм. Ингэснээр дэлхий даяар цаг агаарын эрс тэс нөхцөл бий болжээ. Европ, Америк тивд хэт халж байхад Азийн зарим бүс нутгуудад аадар бороо орж, үер бууж байна.