Монгол, Хятадын сэтгүүлчдийн Хятадын өндөр хөгжсөн хотуудтай танилцах хамтарсан сурвалжилга үргэлжилж байна. Энэ удаа сэтгүүлчид Сүжөү хот дахь Эртний Чин улсын тоосгоны үйлдвэрлэлийн түүхийг илтгэх музейтэй танилцлаа. Музей 3 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт түүхэн үйл явдлын дарааллын танилцуулга байв. Хятадын сүм хийдүүдийг ихэвчлэн хөх тоосгоор барьсан. Тэгвэл энэ нь олон зуун жилийн настай, хөргөх аргаар хийсэн хөх тоосго аж. Мөн тухайн үед хааны ордны шалыг "алтан" тоосгоор хийдэг байжээ. Энэ тоосгыг хийхэд хоёр жил зарцуулдаг. Хэдийгээр шороо шавраар хийсэн ч хийцийн аргаасаа шалтгаалаад төмөр эсвэл шаазан шиг дуугарна. Мөн хааны ордонд эл тоосгыг маш нарийн шалгуураар оруулдаг. Тухайн үед 10 тоосгоны 1-2 -ыг л сонгож хааны ордонд авдаг байжээ. Өдгөө тус музейд 6 дахь үеийн өв тээгчид ажиллаж, "алтан" тоосго үйлдвэрлэсээр байна. Мөн хүүхэд багачууд тоосго хийж сурах урлан ажиллуулж байна.