Хятадууд Наньтунд Хөх мөрний эргийн 10 км квадрат газрыг аялал жуулчлалын бүс болгон тохижуулж, 90 хувийг нь ойжуулж чаджээ. Хөх мөрний эргийн дагуух 5 уулаа түшиглэн ийн томоохон бүтээн байгуулалтыг маш амжилттай хийсэн юм байна. Улмаар Шанхай болон Наньтун хотын удирдлага хамран Хөх мөрнөөс 10 жил загас барихыг хориглосон журам гаргасан байна. Ингэхдээ эргийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор өгч, загасчдыг өөр ажлын байраар хангажээ. Тухайлбал, загасчид энд мөрний эргийн байгаль хамгаалагчаар ажиллаж буй. Үүний үр дүнд Хөх мөрний бохирдол багасаж, олон жил үзэгдэхгүй болсон халим ил харагдах болжээ. Мөн ууланд нь буга үзэгдэх болжээ.