Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын “Вагнер” хувийн цэргийн компанийн үйл ажиллагаатай холбогдуулан ОХУ-д тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй байна. ОХУ-ын терроризмтэй тэмцэх үндэсний хорооноос мэдэгдэл хийж, зургадугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Москва, Воронеж, Ростов-на-Дону хотод терроризмын эсрэг тусгай үйл ажиллагаа хэрэгжүүлж эхэлснийг зарлаж, олон нийтийн арга хэмжээг цуцлах шийдвэр гаргаад байна. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэл хийхдээ “Вагнер”-ийн үйл ажиллагааг эх орноосоо урвасан явдал хэмээн онцолж, үүнийг таслан зогсоохын тулд бүхий л арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Тиймээс дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам иргэддээ хандан сонор сэрэмжтэй байх, ОХУ-ын Белгород, Брянск, Воронеж, Краснодар, Липецк, Круск, Ростов, Орловск, Свердловск муж, мөн Москва, Санкт-Петербург зэрэг хотууд руу зайлшгүй шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг зөвлөлөө. Мөн Ростов, Воронеж хот орчимд 60 гаруй монгол оюутан суралцаж байгаа бөгөөд одоогоор нөхцөл байдал хэвийн байгаа гэдгийг илэхийллээ. Шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамны +74956906792, Консулын хэлтсийн +74992411548 дугаар руу шуурхай холбогдохыг хүссэн байна.