Оросын хөлсний цэргийн “Вагнер” группийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин баасан гарагт мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлд “Хуаранд цохилт өгөхдөө их хэмжээний хөлсний цэргийн амийг хөнөөсөн” гэж Оросын цэргийн удирдлагуудыг буруутгасан байна. Тиймээс дээрх үйлдэлд хариу арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн. Дээрх мэдэгдлийнхээ дараа Telegram post-д “Оросын цэргийн удирдлагуудыг шүүмжилсэн нь төрийн эргэлт биш. Шударга ёсны жагсаал” гэдгээ онцолжээ. Өдгөө 62 настай Евгений Пригожины энэ мэт үйлдлийг Москва “зэвсэгт бослого гаргахыг уриалсан” хэмээн харж байна. Тиймээс түүнийг буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэхэд хүрсэн тухай Тасс агентлаг мэдээллээ.