ОХУ-ын Москва хотод болсон, тус улсын алдарт хөгжмийн зохиолч И.Дунаевскийн нэрэмжит дуулаачдын олон улсын 11 дүгээр уралдаанд манай улсаас 10 уран бүтээлч оролцжээ. Тэднээс Улсын филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр гран при шагнал хүртсэн байна. Мөн Консерваторын уртын дууны ангийн оюутан Б.Ариунбат ардын дууны төрөлд нэгдүгээр байр эзлэв. Тус уралдааныг дуурийн, эстрад болон жааз, ардын дуу, чуулга, найрал дуу гэсэн төрлөөр таваас эхлэн 36-гаас дээш насныхныг хамруулан долоон ангилалд явуулдаг, хамгийн хүртээмжтэйгээрээ онцлог гэдэг. Манай улсаас өрсөлдсөн бусад дуучны амжилтын талаарх мэдээлэл өчигдөр бүрэн гараагүй байлаа. И.Дунаевскийн нэрэмжит, түүний алдартай дуунуудын нэг “Хөгжилтэй салхи”-иар нэрийдсэн уг уралдааны шүүгчдийг хойд хөршийн дууны урлагийн алдартнуудаар бүрдүүлжээ.